СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-18

Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томиллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын Их Хурлын хаврын чуулганы анхдугаар /2021.03.18/ хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа, Дархлаажуулалтын явцын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Эхний хэлэлцэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар томилогдсон тул УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлжээ.  

ТББХ 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж "дэмжих нь зүйтэй" гэж үзсэн байна. Чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Төрийн албанд хууль бус томилгоо хийдэг байдлыг цэгцлэх хэрэгтэй байна. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг батлах хуулийг яаралтай батлуулах хэрэгтэй байна. Эрдэнэтийн 49 хувь, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг шалгаж байгаа асуудал зэрэгт анхаарлаа хандуулаарай" гэлээ.

ТББХ-ны даргад нэр дэвшигч Ж.Мөнхбат "Хууль батлах асуудал дээр парламент өөрөө онцгой анхаарах хэрэгтэй байна. Үндсэн хуулийг хэлбэрлэлтгүй мөрдүүлэх ажлыг ТББХ үйл ажиллагааныхаа зарчим болгож ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлье. Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр би олон удаа өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед 49 хувийн оролцоог төрөөс салгах ёстой гэсэн анхны шийдвэрийг гаргаж байсан. Цаашлаад 2-3 засгийн газар дамжиж энэ асуудал улам сайжирч байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Таныг сайдад нэр дэвшүүлэхэд та өөрөө татгалзаж байсан гэсэн. ТББХ гэдэг бол УИХ-ын хамгийн том бодлого тодорхойлогч хороо. Олон хууль хүлээгдэж байна. Төрийн дээр нам гарсан асуудлыг цэгцлэх үү, нам удирдсаар байх уу гэдгийг таны удирдах байнгын хороо шийдэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд бугшсан олон асуудлыг улам даамжруулж байна. Хуулийн төслөө эргэж хараарай" гэлээ.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 67 гишүүний 48 нь дэмжсэнээр 71,6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдлоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.