1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, төрт улсаа сэргээн мандуулж, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны нэг нь Цэргийн явдлын яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яам билээ.
Улмаар 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүх эхэлсэн байдаг.
1921-1930-аад онд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь морьт цэргийн хороо, дивиз, корпустай болж түүний бүрэлдэхүүнд хуягт танкийн, их бууны, нисэхийн, холбооны цэргийн ангиудыг шинээр байгуулж, ардын хувьсгалт улаан цэргүүдийг болон олон ардуудыг цэргийн эрдэмд боловсруулах, байлдааны шинэ зэвсэг техник, мэргэшсэн хүн хүчээр хангах, байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх, цэргийн сахилгыг бэхжүүлэх талаар олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж иржээ.
1921 онд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө их бага 220 гаруй тулаан хийж Ардын хувьсгалыг ялуулсан бөгөөд одоогоос яг 100 жилийн өмнө буюу 1921 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатараар удирдуулсан Ардын журамт цэрэг Хиагт хот буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг чөлөөлөх тулалдаанаа эхлүүлэхээр хөдөлж байжээ.
Түүнээс хойш 100 жилийг үдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
"Үндсэн хуулиараа өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж тодорхойлсон. Монгол Улсын цэргийн бодлого Монгол Улсыг гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэх учиртай. Бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, улс орнуудын явуулж байгаа цэрэг-стратегийн бодлого зэргээс хамаараад батлан хамгаалах бодлогод өөрчлөлтүүд орж байдаг. Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт, шинжилгээг тогтмол хийж байдгын гол утга учир нь манай төрийн батлан хамгаалах бодлого улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил болон гадаад аюулгүй байдлын орчинтой нийцэж байна уу үгүй юү гэдэгт оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол Улс аливаа цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй гэж төрийн бодлогоор тодорхойлсон..." гэдгийг онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.