Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ажиллаж буй бүх гадаадын ажилчныг коронавирусийн шинжилгээнд хамруулах тушаалыг тус хотын захиргаанаас гаргажээ.
Сөүл хотын бүх гадаад ажилчин болон тэдний ажил олгогч нар энэ сарын 17-31-нийг хүртэл коронавирусийн шинжилгээнд хамрагдах ёстой гэж тус хотын захиргаанаас өнгөрөгч мягмар гарагт мэдээлсэн байна.
Шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх нь үнэ төлбөргүй байх хэдий ч ажил олгогч болон гадаад ажилчид нь шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд тухайн ажил олгогчид торгууль ногдуулах аж.
Хотын халдварт өвчинтэй тэмцэх албаны ажилтан Пак Юу-ми "Гадаадын ажилчид оршин суух зөвшөөрөлтэй эсвэл хууль бусаар оршин сууж байгаа эсэхээс үл хамааран бид тэднийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахыг зорьж байна" хэмээн тэмдэглэжээ. Албаныхан мөн шинжилгээний түр цэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, өдөрт 3,600 хүртэлх сорьц авахаар төлөвлөж байгаа аж.
Гэвч хотын захиргааны зүгээс гадаадын ажилчдад "Шинжилгээ өгөхийг зөвлөж байна" гэсэн мессеж илгээсний улмаас гадаадын иргэдийн дунд будилаан үүсээд байна. Коронавирусийн шинжилгээ өгөх нь зайлшгүй шаардлага эсвэл зөвлөмж эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хотын удирдлагууд орчуулгын алдаа гаргасан байж болзошгүй юм.
Эх сурвалж: The Korea Times