Болгарын нийслэл Софи хотын нэгэн их сургуулийн хэвлэлийн газарт гэмт хэрэгтнүүд өндөр чанартай хуурамч мөнгөн дэвсгэртүүдийг үйлдвэрлэж байсныг цагдаа нар илрүүлэн, таслан зогсоосон гэж эрх баригчид мэдэгджээ.
Болгарын цагдаа нар АНУ-ын Нууц албатай хамтарсан ажиллагааны үеэр хоёр хүнийг саатуулж, хэвлэлийн машин, мөнгө хэвлэх төхөөрөмж, их хэмжээний хуурамч ам.доллар болон еврогийн дэвсгэртийн хамт хураан авсан байна.
Софи хотын цагдаагийн газрын дарга Георгий Хаджиев "Хураан авсан хуурамч мөнгөн тэмдэгтүүдийн үнийн дүн маш их. Эд мөрийн баримтаас үзэхэд энэ бол маш ноцтой гэмт хэргийн үйл ажиллагаа гэдэг нь тодорхой байна" хэмээн мэдэгджээ. Цагдаа нар нийт 4 сая ам.доллар ба 3.6 сая еврогийн хуурамч дэвсгэртийг хураан авсан гэж орон нутгийн Прокурорын газраас мэдээлсэн юм.
Хоёр сэжигтнийг Украин руу хуурамч ам.доллар, Баруун Европ руу хуурамч евро түгээх наймаа эрхэлдэг томоохон гэмт хэргийн бүлэглэлийн нэг хэсэг байсан гэж албаныхан үзэж байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.