Нигер улсад захаас тарж байсан иргэд рүү мотоциклтой, зэвсэглэсэн бүлэг этгээд халдаж 58 хүний амь насыг хороожээ. Зэвсэгт этгээдүүд иргэд рүү гал нээсний зэрэгцээ байшин савнуудыг галдан шатаасан байна. Одоогоор уг халдлагыг үйлдсэн этгээдүүд хэн болох нь мэдэгдэхгүй байгаа ч тус бүс нутагт Исламын улс бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлжээ.
Нигерийн Мали улстай хиллэдэг Банибангу хотын малын захаас хохирогчид харьж явжээ. Даваа гарагийн орой болсон халдлагын тухай мэдээллийг мягмар гарагт Нигерийн телевизээр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдурахман Закариа мэдээлсэн байна. Улс даяар гурав хоногийн хугацаанд гашуудал зарлалаа.
Тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мохамед Базумын өмнө аюулгүй байдлыг хамгаалах шинэ сорилт тулгарч байгааг харууллаа. Мохамед Базум хоёрдугаар сарын сүүлээр болсон сонгуульд ялалт байгуулсан юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард Тиллабери мужийн хоёр тосгонд халдлага гарч, 100 орчим хүн алагдсан хэргийг эргэн сануулж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.