Save the Children байгууллагаас Мозамбик улсад 11 болон түүнээс доош насны хүүхдүүдийг цаазаар авч, толгойг нь тасдаж байгаа тухай мэдээлжээ. Уг явдал Кабо Делгадо мужид гарсан байна.
Тус мужид амьдардаг нэгэн ээж 12 настай хүүгээ цаазаар авахуулахыг харсан боловч тусалж чадаагүй гэдгээ ярьжээ. Тиймээс бусад хүүхдүүдээ аврахын тулд нуусан байна.
2017 онд исламын хэт даврагсдын дайралт, мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсын 700,000 гаруй иргэн гэрээсээ зугтаж, 2,500 гаруй иргэн алагджээ. Зэвсэгт этгээдүүд Исламын улс зэвсэгт бүлэгтэй холбоотой гэж үзэж байна.
Хүүгээ алдсан Элса нэртэй эмэгтэйн ярьснаар нэг шөнө тосгонд нь халдлага дайралт гарч, байшин гэрийг нь шатаажээ. Тэр дөрвөн хүүхдийн хамт гэртээ байсан бөгөөд ой мод руу зугтаахыг оролдсон байна. Харамсалтай нь том хүүг нь барьж толгойг нь тасдаж цаазалжээ.
Амелиа нэртэй өөр нэг ээжийн яриагаар 11 настай хүү нь зэвсэгт этгээдүүдийн гарт алагдсан тул үлдсэн хүүхдүүдээ аврахын тулд оргон зугтахаас өөр аргагүй болсон ажээ. Зэргэлдээх тосгонд байдаг аавынхаа гэрт зугтаж очсон боловч хэдэн өдрийн дараа аавынх нь амьдардаг тосгон ч мөн халдлагад өртжээ.
Энэ мэтчилэн нулимс асгаруулам гунигт түүх олныг сонссон ба уг хүчирхийллийг нэн даруй зогсоож, гэр орноосоо зугтсан гэр бүлүүдэд туслах ёстой гэдгийг Save the Children байгууллагын Мозамбик дэх салбар хариуцсан захирал Чэнс Бриггс анхааруулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.