ОХУ-ын сөрөг хүчний удирдагч гэгддэг Кремлийг хурцаар шүүмжлэгч Алексей Навальныйг ХБНГУ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Москвад эргэн ирэхэд нь баривчлан саатуулсан юм. Тэгвэл Навальныйг хорих лагерьт шилжүүлсэн тухай мэдээлж байна.
Тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа үсээ хусуулсан зургаа нийтэлж мэдээлэл өгчээ. Уг мэдээллээс харахад Навальный ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн хойшоо Владимир муж дахь хорих лагерьт байгаа гэдгээ баталгаажуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт түүнийг Колчугино хорих газраас нүүлгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл чухам хаана аваачсаныг Навальныйгийн өмгөөлөгчид хэлж мэдэхгүй байсан юм. Харин Инстаграмд өөрийн хаягнаас оруулсан постондоо тэрээр “Оросын хорих газрын тогтолцоо намайг гайхшруулж чадлаа. Москвагаас 100 км-т жинхэнэ хорих лагерь байгуулах боломжтой гэж төсөөлсөнгүй. Хаа сайгүй камер байрлуулж, бүгд хяналтад байдаг. Хэн нэгэн Орвеллийн 1984 гэж хэлэхийг сонссон. Тиймээ, дажгүй шүү. Хүнлэг бус аргаар боловсрол олгох... үүнийг хийцгээе” гэж бичжээ.
Навальный өөрийгөө Владимирын Покров хот дахь хоёрдугаар Колони хорих лагерьт байгаа гэжээ. Түүний өмгөөлөгч Олга Михайлова уулзах боломжтой байсан гэдгээ баталжээ.
Одоогоор хорих газарт Навальныйг дарамталж, хүчирхийлэл хэрэглэж, эрүүдэн шүүсэн явдал гараагүй байна. Тус хорих лагерьт жагсаал цуглаан зохион байгуулах дүрэм журам зөрчсөн хэргээр хоёр жил хоригдсон тэмцэгч Константин Котов хоригдлуудтай хүнлэг бус харьцдаг ба өглөө 06:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл босоогоор нь байлгаж, амрах боломж өгдөггүй хэмээн ярьжээ.
Европын хүний эрхийн шүүх ОХУ-ын Засгийн газар сөрөг хүчний удирдагчийг нэн даруй суллахыг Москвагаас шаардсан бөгөөд Оросын зарим эрх мэдэлтнүүдийн эсрэг хориг тавиад байгаа юм.
Эх сурвалж: The Guardian, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.