Эстони улсын Ерөнхий сайд Кажа Каллас коронавирусийн халдвар авсан нь батлагдсан бөгөөд эдгэртлээ өөрийгөө тусгаарлах болжээ. 43 настай Каллас нь өнгөрөгч нэгдүгээр сард тус улсын анхны эмэгтэй Засгийн газрын тэргүүн болсон юм.
Тэрээр бага зэрэг халуурч байгаа бөгөөд өөр шинж тэмдэг илрээгүй байна. Каллас даваа гарагийн орой өөрийн Фейсбүүк хуудаснаа "Би биеийн байдлаа маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд уг өвчнөөс эдгэрэх хүртлээ гэртээ байх болно" хэмээн мэдэгдсэн аж. Тэрээр мөн Ерөнхий сайдын үүргээ гэрээсээ биелүүлэх ба Засгийн газрын болон бусад уулзалтуудыг цахимаар хийх гэнэ.
1.3 сая хүн амтай Эстони улсад сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн нөхцөл байдал эрс доройтож байгаа бөгөөд тус улсын эрүүл мэндийн систем болон эмнэлгүүдийн нөөц дуусаж, цар тахлаар өвчилсөн иргэдийг эмчлэх асуудал улам ярвигтай болж байгаа аж.
Өнгөрөгч даваа гарагт тус улсад халдварын 1,288 шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 86,086 болсон бөгөөд 728 нас бараад байгаа юм. Одоогийн байдлаар Эстони улсын эмнэлгүүдэд нийт 711 коронавирусийн өвчтөнийг эмчилж байгаа гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Эх сурвалж: Associated Press