Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн эхний тэмцээндээ оролцлоо.
Катар улсын Дохо хотноо ширээний теннисний Олимпын эрхийн дэлхийн тэмцээн энэ өдрүүдэд явагдаж байна. Тус тэмцээнд 51 улсын эрэгтэй 76, эмэгтэй 61 тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг нарын хоёр эрэгтэй, спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-эрдэнэ нарын хоёр эмэгтэй, нийт дөрвөн тамирчин оролцож байгаа юм.
Тус тэмцээнд олон шилдэг тамирчид эрх авахын төлөө ирсэн бөгөөд Дэлхийн аваргын хүрэл медальт Английн Лиам Питчфорд, Африк тивийн аварга Нигерийн Аруна Куадри, дэлхийн цомын гурван удаагийн аварга бөгөөд дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын Виладимир Самсонов тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байна.
Тэмцээн хасагдах системээр долоон парт тоглох бөгөөд эрэгтэй эхний дөрөв, эмэгтэй таван тамирчинд эрх олгох юм.
Манай тамирчид дараах тоглолтуудыг хийлээ.
- Э.Лхагвасүрэн 0:4 Иран улсын Аламиан Нима
- Ж.Мөнхзориг 1:4 Конго улсын Идову Сахийд
- Б.Должинзуу 0:4 Туркийн Илмаз Озге
- Б.Болор-эрдэнэ 0:4 Узбекистаны Гуфранова Римма
Манай тамирчдын хувьд эхний тоглолтдоо ялагдал хүлээснээр дэлхийн эрхийн төлөөх тэмцээнээ өндөрлүүлсэн ч энэ сарын 18-20-ны өдрүүдэд Азийн бүсийн олимпийн эрхийн тэмцээнд оролцох хуваарьтай байна.