Йорданы улсын эмнэлгийн хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас дор хаяж зургаан өвчтөн нас баржээ. Эдгээр өвчтөнүүд коронавирусийн цар тахлаар өвчлөн, эмчлүүлж байсан аж.
Энэхүү эмгэнэлт явдалд бухимдсан иргэд Йорданы олон хот, муж сууринаар жагсан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд мөн шөнийн цагийн хөл хорио зэрэг Засгийн газрын коронавирусийн үеийн хязгаарлалтыг эсэргүүцэн хэдэн зуугаараа жагсжээ. Ирбид хотод олон зуун залуучууд цугларан "Засгийн газрыг эсэргүүцэж байна. Бид коронавирусээс айхгүй байна" хэмээн орилж байжээ.
Тус улсын Ерөнхий сайд Бишер аль Хасавне Эрүүл мэндийн сайд Натхир Обейдатыг ажлаас нь халсан бөгөөд түүнийг зургаан өвчтөний үхэлд бүрэн хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Тус эмнэлэг хүчилтөрөгчийн дутагдалд орсноос хойш хоёр цаг өнгөрөхөд эмнэлгийн ажилтнууд ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд энэ нь улсын эрүүл мэндийн тогтолцооны хайхрамжгүй байдлыг илчилсэн гэж Ерөнхий сайд Бишер аль Хасавне онцолжээ.
Йорданы эрх баригчид одоо уг эмнэлгийн дарга болон туслахуудыг нь саатуулаад байгаа аж. Түүнчлэн дахин гурван өвчтөний үхэл хүчилтөрөгчийн хангамж тасарсантай холбоотой байж болзошгүй бөгөөд үүнийг шалгаж байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters