Орон даяар энэ сарын 14-нд байгалийн гамшигт үзэгдэл болж, одоогоор дөрвөн аймаг тог цахилгаангүй байна. Дундговь аймгийн хувьд асар их хохирол амсаад байгаа ба одоогоор дөрвөн сумын зургаан иргэн нас барсан талаар тус аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Дундговь аймгийн ОБА:
-Энэ сарын 14-нд буюу өчигдөр цаг агаарын аюултай үзэгдэл болж, 21 гэр, 20 хашаа, таван байшингийн дээвэр нурж, одоогоор дөрвөн сумын зургаан иргэн амь эрсдээд байна. Аймгийн цаг уурын албанаас байгалийн гамшигт үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэг мэдээг удаа дараа өгч байсан. Гэвч Дэлгэрцогт-1, Өндөршил-1, Баянжаргалан-2, Хөөтийн уурхай-1, Сайнцагаан суманд нэг иргэн тус тус нас барсан. Баянжаргалан суманд нас барсан нэг иргэнийг таних ажил явагдаж байна.
455 иргэн алга болсон талаар 345 дуудлага ирснээс одоогоор 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Албаны болон жирийн 310 орчим иргэн, 120 гаруй техник хэрэгсэлтэйгээр хайж байна.
Сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. Хүчтэй салхи, шороон шуурга хавсарсан. Нийт нутгаар тас харанхуй болсон. Оройн 18 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг хийх боломжгүй байсан. Одоо 17 иргэнийг эрэн хайх, хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байна.
Аймгийн цаг агаарын албанаас мэдээлж байгаагаар энэ сарын 17-18-нд байгалийн гамшигт үзэгдэл дахих магадлалтай байгаа тул иргэд болон малчид дулаан хувцаслах, хувийн бэлтгэлээ хангах, шатахуунаа нөөцлөхийг анхааруулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.