ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Синофарм компанийн Вероселл вакциныг хийж эхэлсэн талаар мэдээлэл өглөө.
БНХАУ-аас Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакцин буюу 150 мян/хүн тун вакциныг хүлээн авсан.
БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байгаа юм.
Синофарм вакцин нь Ковид-19 вирусийг химийн бодисоор амьгүй болгож, хүний биед амьдрах чадваргүй болсон вирусийг хүний биед тарьж, дархлаа үүсгэж байгаа юм.
Синофарм группийн хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцины үр дүн 86%, эсрэг биеийн саармагжуулах төвшин 99% байгаа нь коронавирусийн уушгины хатгалгааны дунд болон хүнд шатны өвчлөлтөөс 100% урьдчилан сэргийлэх боломжтой юм.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд Синофарм вакцин уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн бөгөөд ийм аргаар үйлдвэрлэсэн вакцины үр дүнд эргэлзэх хэрэггүй” гэж дурдсан байдаг.
Манай улсад нийлүүлэгдсэн Синофарм эмийн үйлдвэрийн вакцин өөрийн гэсэн заавартай байдаг. Тухайн заалт дээр тусгагдсан эсрэг заалттай иргэнийг вакцинд хамруулахгүй. Тус вакциныг хоёр тунгаар 28 хоногийн зайтай хийх юм. Синофарм вакциныг 2023 он хүртэл хадгалж болно.