АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Нэр дэвшигчид С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ардчилсан намын даргын сонгуульд Даваагийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн, материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ гуравдугаар сарын 11-ний өдөр гардан авсан.
Намын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.
АН-ын ҮБХ-ны гишүүн С.Эрдэнэболд “Би 2024 онд Ардчилсан намыг ялуулна гэдэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уриатай ажиллаж байна. Гурван зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт АН-ын дотоод эв нэгдлийг хангахын төлөө бүх хүчин чармайлтыг гаргана. Хоёрдугаарт бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. МАН-ын алдаа оноо дээр бид бодлогын асуудлуудыг гаргаж ирж тавьдаг. Ажил хэргийг урагштай явуулахын тулд ард түмний язгуур ашиг сонирхолд нийцсэн улс төрийг явуулахын тулд АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Гуравдугаарт бодлогын сөрөг хүчнээс ялагч нам гэсэн зорилгыг тавьж байгаа. Энэ зорилгынхоо хүрээнд 21 аймаг, есөн дүүрэгт байгаа гишүүд дэмжигчдийнхээ хамтын оролцоог сайжруулна. АН-ыг нэг даргын командад биш хамтын удирдлагатай хөгждөг нам болгоно" гэв.
Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа "Миний хувьд зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье гэсэн мөрийн хөтөлбөрийн уриатайгаар оролцож байна. Мөрийн хөтөлбөрөө богино, дунд, урт хугацааны бодлого гэж эрэмбэлсэн. Намын дарга төвтэй намаас намын гишүүд төвтэй нам руу шилжих ёстой гэж харж байгаа. Зарим орнуудад хүсээд ч олдохгүй энэ ардчиллыг бид тордож авч явах ёстой. Тиймээс урт хугацаандаа энэ ардчилал олон арван жил Монгол улсын ирээдүйг авч явах ёстой гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллаж байна"гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.