Францын шог сэтгүүл Charlie Hebdo өнгөрсөн амралтын өдрийн дугаарынхаа нүүр хуудсыг Их Британийн хатан хаан Элизабет Сассексын гүнгийн авхай Меган Мэрклийн хүзүүн дээр өвдөглөж буй зургаар чимжээ. Энэ дүр зураг нь АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдын хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөж, улмаар амь насыг нь хохироосон явдлыг эргэн сануулж байна.
Сассексын гүн Харри болон гүнгийн авхай Меган нар Опра Уинфритэй ярилцах үедээ хатан хааны гэр бүлд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байгааг хэлж, тэдний хүү Арчигийн арьсны өнгөний талаар асуусан гэдгийг ярьсан бичлэг цацагдсан. Энэ нь олон улсын хэвлэлүүд төдийгүй арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.
Энэ явдлын дараа алдарт Charlie Hebdo сэтгүүл “Меган яагаад Букингэмийг орхих болов” гэсэн гарчигтай зураг нийтэлж, Меганы хариулт “Яагаад гэвэл би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичгийг харуулсан байна.
Гэвч уг зураг нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, зарим хүмүүсийг бухимдуулж байна. Харригийн ах ханхүү Уильям өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ хатан хааны гэр бүл рацист биш хэмээн өмгөөлсөн юм. Мөн Букингэмийн ордноос хатан хаан Элизабетийн нэрийн өмнөөс мэдэгдэл гаргаж Сассексын гүнгийн гэр бүлийн ярьсан зүйлд ихээхэн зовниж, ноцтойгоор анхаарал хандуулж байгаа гэдгээ илэрхийлжээ.
1970 онд үүсгэн байгуулагдсан Charlie Hebdo сэтгүүл нь Парист төвтэй, долоо хоног тутамд шинэ дугаараа гаргадаг. Улс төр, олон нийт, шашин гээд салбар бүрийн үйл явдлыг хошигнон харуулдгаараа алдартай. 2015 онд сэтгүүлийн байр террорист халдлагад өртөж 12 хүн нас барж, 11 хүн шархадсан юм. Тус сэтгүүл исламын шашны зөнч Мохаммедыг элэглэсэн нь ийнхүү хэт даврагсдын халдлагад өртөх шалтгаан болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.