Өнөөдрөөс яг 131 хоногийн дараа эхлэх Токиогийн олимпийн наадмыг гадны үзэгчгүйгээр зохион байгуулах талаар Япон улсын засгийн газар болон наадмыг зохион байгуулах хороо хуралдсан байна.
Наадмыг зохион байгуулагчдын зүгээс эрүүл, аюулгүй наадам зохион байгуулах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.
Мөн хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 25-ны өдөр олимпийн бамбар дамжуулах ёслолыг ч мөн үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон байна. Зохион байгуулах хорооны зүгээс олон хүн цуглах нь цар тахлын эрсдэл өндөртэй учир бамбар дамжуулах ёслолыг Фукушима мужид үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Саяхан явуулсан санал асуулгын дүнгээр судалгаанд оролцсон Япончуудын 77 хувь нь олимпийн наадмыг гадны үзэгчгүйгээр зохион байгуулахыг дэмжжээ.
Олон улсын олимпийн хорооноос энэ талаар хараахан албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч тус хорооны ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдэж буйгаар "Бидний нэн тэргүүний зорилт бол аюулгүй Олимпийн наадмыг зохион байгуулах юм. Хэдийгээр олимпийн наадам үзэгчдийн уухай түрлэг дунд зохион байгуулагдах нь хэн бүрийн хүсэж буй зүйл мөн ч бид нэн түрүүнд аюулгүй байдлыг хангах нь чухал" хэмээн хэлсэн байна.
ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл энэ асуудлаар хуралдаж байгаа ба удахгүй албан ёсны мэдээлэл өгөх ажээ.