Олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс AstraZeneca вакцинаас 14.400 тунг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав. Вакцин хүлээн авах ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын албаны хүмүүс байлцав.
Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс AstraZeneca вакцинаас 112,800 тун, АНУ-ын “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлсэн вакцинаас 25,740 тунг тус тус хүлээж авна.
Манай улс 2021 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар 84.000 гаруй иргэнээ дархлаажуулалтад хамруулаад буй бөгөөд энэ оны 7 дугаар сард багтаан нийт хүн амынхаа 60% буюу насанд хүрсэн 2 сая гаруй иргэнийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилгыг Монгол Улсын Засгийн газраас тавин ажиллаж байна. Уг зорилгодоо хүрэхэд Ковакс хөтөлбөрийн хүрээнд орж ирэх тун вакцинууд бодит дэмжлэг болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.