Хэрэгтний хазаад орхисон зайдасны ачаар есөн жилийн өмнөх хулгайн хэргийг тайлсан гэж ХБНГУ-ын цагдаа нар мэдэгджээ.
Одооноос есөн жилийн өмнө хэргийн газар дээрээс олдсон зайдас дээрх ДНХ нь уг хулгайн хэрэгтэй холбогдолгүй гэмт хэргээр Францад саатуулагдсан этгээдийн ДНХ-тэй таарсан аж. Францын цагдаа нар хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүнээс энэхүү хэрэгтэй тохирох ДНХ-ийн дээж авсан гэдгээ Германы мөрдөн байцаагчдад саяхан мэдэгдсэн байна. Хэрэгтэн нь 30 настай Албани улсын иргэн байжээ.
2012 оны гуравдугаар сард Германы баруун хэсгийн Швелм хотод гарсан хэргийн үеэр хэрэгтэн хохирогчийн гэрт хүчээр нэвтрэн, эд хогшлыг нь хулгайлсан бөгөөд энэ үеэрээ гал тогоонд нь байсан зайдаснаас хэд хазаад хаясан бололтой гэж мөрдөгчид дүгнэсэн байна.
Гэвч Швелм хотын цагдаа нарын мэдээлснээр хэрэгтэн эрх чөлөөтэй хэвээр байгаа бөгөөд шийтгэлээс мултарч магадгүй аж. Уг хулгайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан тул түүнийг Герман руу шилжүүлэх өгөх магадлал маш бага юм.
Эх сурвалж: The Huffington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.