БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Д.Батзориг, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар нараар ахлуулсан БХБЯ, МХЕГ хамтарсан шалгалтынхаа үр дүнд арматур нийлүүлдэг 20 том компанийн нэг “Цамхаг гүүр” ХХК-ийн үйл ажиллагааг өнөөдөр зогсоолоо.
Монголын зах зээлд арматур нийлүүлдэг 20 том компанийн нэг “Цамхаг гүүр” ХХК-ийн бүтээгдэхүүн нь тонн тутамдаа 170-200 орчим кг дутаж байсан байна. Мөн шинжилгээгээр механик шинж чанарын алдагдалтай гарчээ.
Мөн, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Цамхаг гүүр” ХХК дээр туршилт хийжээ. Арматурын дээж аваад Механик инженерийн сургууль дээр шинжилгээ хийхэд жиндээ хүрээгүй, механик шинж чанар алдагдалтай байсан. Наймын арматур нь тонн тутамдаа 6 кг орчим, 18-ын арматур нэг багцдаа 632 кг дутуу байна. Энэ нь тонн тутамдаа 177 кг дутуу байна гэсэн үг юм.
Энэ нь цаашдаа барилгын чанарт нөлөөлөх гэх мэт маш олон сөрөг үр дагавартай. Үүнийг дагаад хэрэглэгчид хохирч байна. Тус байгууллага нь Хятадын Тяньшианаас оруулж ирж байгаа арматураа ийм чанартай, дутуу жинтэй гэдгийг өөрсдөө ч мэдээгүй гэж мэдээлж байна.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар:
-Манай байгууллага ашиглалтад орсон барилгын чанар дээр ихэвчлэн ажилладаг. Зөрчил арилгуулах, буулгах, нураах, засуулах зэргээр шаардлага тавьж байсан. Энэ удаа энэ барилгын гол материал арматур дээр шалгалт хийхэд маш их зөрчил гарлаа.
Засгийн газраас шалгалт хийх чиглэлийг цөөлж, зарим бараа бүтээгдэхүүнийг шалгалтгүй, гэрчилгээн дээр үндэслэн нэвтрүүлэх журмын дагуу ажиллаж байсан. Энэ шийдвэрийг зөрчиж, зарим нэг ийм байгууллагууд чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирж хэрэглэгчдэд нийлүүлж байгаа нь харамсалтай.
“Цамхаг гүүр” ХХК-д зөрчлийн хуулийн дагуу торгууль ноогдуулна. Мөн үйл ажиллагааг зогсоож байна. Цаашид худалдаж авсан байгууллага, барилгадаа ашигласан газрыг олж хохирлын хэмжээг тооцоолох, барилгын үнэлгээ ахин хийлгэх зэрэг ажлууд хийгдэх ёстой. Гол нь хэрэглэгч хохирч байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо л нэг хожимдсон ч гэсэн, асуудлууд даа орж эхлэх нь үү ! Иймэрхүү луйвар маш их байгаа .
Лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй арматур хэрэглэж барьсан эмнэлгийн барилгыг (Солонгос компани гүйцэтгэсэн) холбогдох хүмүүс, хэвлэл мэдээлэлд мэдээлээд ч таг дуугүй өнгөрч байсан.