Оксфордын их сургуулийн гаргаж авсан АстраЗенека коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн олон улсад хэрэглэж байна. Гэвч тус вакцин цусны бүлэгнэл, бөөгнөрөл үүсгэж байж болзошгүй гэсэн мэдээлэл тархжээ. Хэдийгээр Европын холбоо болон АстраЗенекагийн зүгээс тус вакцин цусны бөөгнөрөл үүсгэж байна гэсэн нотлох баримт байхгүй гэж мэдээлж байгаа ч зарим улс орнууд тус вакцины хэрэглээг хойшлуулах болон түр зогсоох арга хэмжээ авч эхэллээ.
Хамгийн сүүлд Тайланд улсын Засгийн газар баасан гарагт АстраЗенека вакциныг бүх нийтийг дархлаажуулалтад хэрэглэж эхлэх байсан боловч дээрх мэдээллээс болж хойшлуулах шийдвэр гаргаж, төлөвлөгөөгөө цуцалжээ. Тус улс 200,000 тунг захиалсан байжээ.
Тайландаас гадна Дани, Норвеги, Исланд улсууд вакцинжуулалтыг түр зогсоогоод байгаа бол Итали, Австри улсууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.
Харин Их Британийн Эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулалтын газраас АстраЗенека вакцин хүндрэл үүсгэж байгаа нотолгоо байхгүй тул иргэд үргэлжлүүлэн вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэж зөвлөжээ. Тус вакцины 11 сая гаруй тунг Британийн иргэдэд тарихаар төлөвлөсөн байна.
Мөн Австрали улс 300,000 тунг хүлээж авсан ба вакцинжуулалтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Филиппин, Өмнөд Солонгос улсууд вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоох шалтгаан байхгүй тул үргэлжлүүлнэ гэдгээ мэдээлсэн байна.
Европын 5 сая иргэн аль хэдийнээ АстраЗенека вакцины тунг тариулсан. Эдгээрээс цусны бүлэгнэл нь нэмэгдсэн 30 орчим тохиолдол илэрсэн боловч энэ нь вакцин хийлгэсэнтэй шууд холбоотой гэх баталгаа байхгүй гэж Европын эрүүл мэндийн агентлагаас мэдээлээд байна. Вакцины аюулгүй байдлыг клиникийн туршилтаар баталсан гэж АстраЗенекагийн зүгээс мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.