СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-12

Л.Зэндмаа: Хүн амын 60-аас илүү хувийг дархлаажуулснаар халдварын эрсдэлээс хамгаална

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас дархлаажуулалтын талаар тодрууллаа. 

-Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ?

-Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Бид дархлаажуулалтын үйл явцад тогтмол хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллага тус бүрд хийгдэж байгаа дархлаажуулалтын тоо, эзлэх хувь зэргийг тодорхой байдлаар гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу одоо эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой албан байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн худалдаа үйлчилгээ, боловсролын байгууллагын багш ажилчид болон дайчлагдан ажиллах захиргааны нэгжүүдийн албан хаагчдыг хамруулж эхэлсэн.

-Дархлаажуулалтын хэчнээн цэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 44 цэг, 96 багт 600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Бид шинжилгээний суурин болон явуулын цэг, дархлаажуулалтын цэг, багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тоо судалгааг нарийвчлан гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд маань цаг үеийн нөхцөл байдалд тохируулан оновчтой, зөв зохион байгуулалтад орж ажиллах, төр засгийн зүгээс энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Бид жил шахам хугацаанд дотооддоо халдвар алдаагүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдварын тохиолдол анх бүртгэгдэхэд ч эмчилгээний шинэ технологи, вакцины туршилтууд олон улсад нэвтрээд эхэлчихсэн. Ингэснээр бид халдварыг нас баралт, хүндрэл багатай даван туулах боломжтой болсон. Засгийн газраас богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулах аяныг зохион байгуулаад эхэлчихлээ. Өдөрт 20 мянга гаруй хүн, шаардлагатай бол үүнээс ч олон хүнийг вакцинд хамруулахаар зорьж ажиллаж байна. Тиймээс үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу гүйцэтгэлийн ажил, боловсон хүчний хуваарилалт гээд зөв зохион байгуулалттай ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан маань туйлдатлаа ажиллаж байгаа ч энэ их ачааллаас хойш суугаагүй юм шүү. Тиймээс бидэнд итгээрэй. Хүн амын 60 хувийг дархлаажуулахад л халдварын эрсдэл багасаж, аюул холдоно гэдгийг ДЭМБ болон олон улсын байгууллагуудаас тогтоочихсон.

Эхнээсээ хүн амынхаа 90 хувийг дархлаажуулсан улс орнууд байна. Манай улс ч эдгээр орнуудын тоонд удахгүй орно. Жил гаруй хугацаанд хилээ хааж, хатуу хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин удаан тэсэж ирсэн иргэдийн хувьд тэвчээр алдрах, бухимдал үүсэх зэрэг асуудал байлгүй яах вэ. Гэхдээ энэ вирус, халдварт өвчинд ямар нэгэн арын хаалга, “За, больё доо” гэх зүйл байхгүй. Өөрийнхөө эмгэг жамаар явагдаж байдаг өвчний л нэг төрөл. Үүний эсрэг ард иргэдийн хичээл зүтгэл, аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлт, төрийн байгууллагуудын дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагуудын зөв зохион байгуулалт хэрэгтэй. Төр, эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж чадаж байгаа. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллагууд төдийгүй ард иргэд маань халдвараас хамтдаа сэргийлж, дор бүрнээ үүргээ ухамсарлаж, хэт бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдварын эрсдэлтэй орчинд нэг дор олноороо цугларахгүй байх зэрэг арга хэмжээг алхам тутамдаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

-Вакцины эхний тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс дараагийн тун хийлгэтэл иргэдэд юу зөвлөх вэ?

-Эхний тунг хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Мөн хоёр дахь тунг хийлгэснээр тодорхой хувийн дархлаа тогтох боломжтой, хэчнээн хүнд дархлаа тогтсон зэргийг цаг тухайд нь судалгаа хийгээд явна. Мөн дархлаажуулалтын цэг бүрд түргэн тусламжийн эмч мэргэжилтэн ажиллуулж, вакцин хийлгэсний дараах хариу урвалаас хамаарч иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгаа. Зөвхөн нийслэл бус дүүрэг, хороод гээд олон байгууллага хамтарч, эдгээр ажилд бүхий л талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тиймээс дараагийн тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ урьдын адил мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.