Баруун Австралийн нэгэн хос өөрсдийн тэжээвэр морь болон одой морьтойгоо "сэтгэл эмзэглүүлэм" байдлаар харгис хэрцгий харьцаж байсан нь ил болсны дараа тэднийг насан туршдаа морь тэжээхийг нь хоригложээ.
29, 28 настай эрэгтэй, эмэгтэй хоёр Жорж нэртэй хүрэн агт морь болон Робин хэмээх одой морийг зөнд нь орхисон бөгөөд үүний улмаас моринууд удаан хугацааны турш өвчтэй, гэмтэж бэртсэн хэвээр байсан ба их хэмжээний өвдөлт мэдэрч байжээ. Эрх баригчид энэхүү хосын Колли хот дахь эзэмшлийг шалгаж үзэхэд хаа сайгүй хоосон хувин, сав болон навч, мөчир, бага хэмжээний борооны устай хэдэн хувин л олжээ. Нэмэлт тэжээл, хадлан огт харагдаагүй байна.
Байцаагч Жоржийн нуруун дээрх бүтээлгийг авахад түүний нуруун дээр маш том задгай шарх байсан бөгөөд яс нь ил гарсан байжээ. Жоржийн туурай нь хэт их ургаж, тэрээр зарим хэсгээрээ үсгүй болсон байсан бөгөөд хөшүүн, сул дорой байдалтай байсан аж. Робин ч мөн ижил байдалтай байжээ.
Амьтдыг Колли хотын мал эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд маш их бөөстсөн байсан нь тогтоогдсон ба Жоржийн шарх ноцтой халдвар авсан төдийгүй тэр шээсний замын халдвар авсан байжээ. Малын эмч нарын дүгнэлтээр моринууд дор хаяж 15 долоо хоногийн турш зовж шаналж байсан гэж Амьтны эрхийг хамгаалах байгууллагын Гүйцэтгэх менежер Ханна Древер хэлжээ. Тэрээр "Эдгээр хоёр морь маш их өлссөн байсан тул бид тэднийг идэхийг зогсооход хэцүү байсан. Тэд олон долоо хоногийн турш жүчээ дотроо өлсөж, цанган, тэсвэрлэхийн аргагүй загатнан, өвдөж шаналж байсан гэхээр зүрх шимширмээр юм" хэмээн ярьсан байна.
Шүүхээс уг хосыг амьтанд харгис хэрцгий хандсан гэж буруутгасан бөгөөд Жоржтой зүй бусаар харьцсаных нь төлөө тус бүрийг нь 10,000 ам.доллар, Робинтой харгис хандсаных нь төлөө тус бүрийг нь 5,000 ам.доллароор торгожээ. Мөн амьтдын эмчилгээний зардал болох 53,676 ам.долларыг хамтран төлөхийг тушаасан байна. Түүнчлэн тэднийг дахиж морь тэжээхийг хориглосон бөгөөд ойрын таван жилийн хугацаанд өөр амьтан тэжээхийг мөн хориглосон байна.
Эх сурвалж: 9NEWS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gadnii oron amitaddaa hurtel iim saihan handaj bhad, Mongold amitan baitugai huuhdee ingej tarchlaan zovooson humuust huuliin hariutslaga bdagguishd sonin. . .