1859 оны үед бүтээгдэж, Захчины Төгрөгийн хүрээнд хадгалагдан ирсэн тод үсгээр үйлдсэн "Өндөр гэгээний намтар" судалгааны бүтээл болон гарсан талаар Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, түүхч, эрдэмтэн На.Сүхбаатар нар ийн ярьж байна.
Түүхч, эрдэмтэн На.Сүхбаатар:
-Өндөр гэгээнийг Монгол даяар шүтэн биширч, олон бүтээл туурвиж байсан боловч тод үсгээр бичсэн намтар нь өмнө нь олдож байгаагүй. Түүгээрээ энэхүү бүтээл түүхийн болон судалгааны үнэлж баршгүй эх сурвалж болж байна. Энэхүү бүтээлийг 1859 онд бүтээсэн. Захчины Төгрөгийн хүрээнд шавилан сууж байсан Ө.Еэшээ гэж хүний номын санг хамба лам Г.Ядамжав хадгалж биднийг хүргэсэн нь үнэхээр сайшаалтай.
Энэхүү намтар номыг "Өндөр гэгээний намтар оршвой" нэрээр кирилл үсгээр хэвлүүлэн гаргалаа.
Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц:
-Нэгэн үеийн доголдлоор хамгийн сайхан хүмүүсээ бид хамгийн буруугаар хардаг цаг үе байсан. Хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү үед лам нар маань амь насаа дүйн, ууланд нуух, тэмдэг тавьж эргэж гаргаж ирэх байдлаар түүхийн ховор бүтээлүүдийг бидний үед хүргэж ирсэн нь байна.
Гэтэл Сүхбаатар аймагт орших Егүзэрийн хийдэд байсан 75 тонн гуулин бурхныг 1кг-ийг нь тухайн үеийн 1-2 төгрөгөөр урагш нь ачуулсан харамсалтай түүх бидэнд бий. Ийм зүйлийг сэргээхэд бэрхтэй. Бүх хийдэд ийм зүйл тохиосон.
Харин бид өнөөдөр тод үсгээр бичигдсэн Өндөр гэгээний намтраа олж, хурал зохион байгуулж байгаа нь маш сайхан үйл хэрэг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.