Дуу бичлэгийн хуурцгийн зохион бүтээгч, CD-г санаачлагчдын нэг Лу Оттенс 94 насандаа таалал төгссөн болохыг Нидерландын хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр өнгөрөгч бямба гарагт Нидерландын Дуйзел тосгон дахь гэртээ нас барсан байна.
Инженер мэргэжлээр сурсан Оттенс 1952 онд "Philips" компанид ажиллаж эхэлжээ. Найман жилийн дараа тэрээр тус компанийн шинэхэн байгуулагдсан Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга болсон байна. Ингээд жилийн дотор Оттенс болон түүний багийнхан анхны зөөврийн дуу хураагуурыг бүтээсэн бөгөөд үүний сая гаруй нь зарагдаж байжээ.
Үүнээс хоёр жилийн дараа тэрээр дуу бичлэгийн хуурцгийг зохион бүтээж, хуучин дуу бичлэгийн системд хувьсгал хийсэн юм. Шинэ дуу бичлэгийн хуурцаг нь хэрэглэгчдийн хүрмийн халаасанд багтахаар жижиг хэмжээтэй байх ёстой гэж Оттенс шийдсэн бөгөөд хамгийн тохиромжтой хэмжээг нь тодорхойлон, модон загвар хийсэн аж.
1963 онд анхны хуванцар бүрхүүлтэй буу бичлэгийн хуурцгийг "Хайрцаг тамхинаас жижиг!" гэсэн уриа лоозонтойгоор цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн дээр танилцуулж байжээ. Эдгээр хуурцгийг япончууд тэр даруй хуулбарласан бөгөөд энэ үеэр Оттенс Японы "Sony" компанитай тохиролцож чадсан байна. Ингээд "Sony" компани "Philips"-ийн патенттай механизмыг ашиглан стандарт дуу бичлэгийн хуурцгуудыг нэвтрүүлэн, дэлхий даяар тараасан бөгөөд 100 тэрбум гаруйг зарсан байна.
Оттенс үргэлжлүүлэн CD-г зохион бүтээсэн бөгөөд энэ нь дахин "Sony-Philips"-ийн стандарт болж, дэлхий даяар 200 тэрбум гаруй хувь нь борлуулагдсан байна. Ингээд Лу Оттенс 1986 онд тэтгэвэртээ гарч байжээ.
Түүний хамгийн их харамсаж явдаг зүйл нь дуу бичлэгийн хуурцгийн хамгийн тохиромжтой хэрэглээ болох "Walkman"-ийг "Philips" биш "Sony" бүтээсэн явдал аж. Тэрээр "Би одоог хүртэл үүнд эмзэглэж явдаг" хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж: DutchNews.nl
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.