Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 2847 иргэн эдгэрээд байгаа билээ. Эдгээр иргэдийн хувьд бусдад халдвар тараах эрсдэлтэй болон вакцинд хэзээ хамрагдах ёстой талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн дараах тайлбар мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг дунджаар 14 хоног ажиглан эмчилж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. 14 хоног байлгаж байгаа нь эмнэл зүйн жамыг бүрэн гүйцэд үргэлжлүүлж байгаа гэсэн үг. Эмнэлгээс гарсны дараа 7 хоног мөн тусгаарлагдана. Эмнэлгээс гарсны дараа тухайн хүнээс PCR шинжилгээ авахад хариу эерэг гарч болно. Энэ нь тухайн хүний өвчтэй байгааг илэрхийлэхгүй. PCR шинжилгээ нь цусанд буй үржих, бусдад халдварлах чадваргүй вирусийн хэлтэрхийг ч илрүүлэх чадвартай, маш мэдрэг, өндөр түвшний шинжилгээ юм. Эдгэрсэн хүмүүсийн цусанд үржих, халдварлах чадваргүй вирус 14-21 хоног байх боломжтой.
Тиймээс эдгэрээд гарсан хүмүүсийг шинжилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. ААН-үүд эмнэлгээс эдгэрээд гарсан хүнээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй байх хэрэгтэй.
Халдвар аван эдгэрсэн хүмүүсийн хувьд цусанд нь эсрэг бие үүссэн учраас эдгэрснээс хойш 6 сарын дараа вакцин хийлгэж болно гэж олон улсын эрдэмтэн, судлаачид үзэж байгаа.