Дүү С.Ганболдын хамт цэвэр модон, сийлбэртэй монгол гэр бүтээж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг С.Одхүүгийнхээр зочиллоо. Тэд Монгол гэрийн тавилга, гэрийг орчин цагийн өнгө аястай болгон бүтээж өрхийн амжиргаа залгуулахаас гадна өв уламжлалаа түгээхийг зорьдог байна.
С.Ганболд: Анх 2007 оноос нэг ахыгаа дагаж сийлбэр хийж сурсан. Тэр цагаас эхлэн уламжлалт аргаар сийлбэртэй гэр, тавилга сонирхох болсон юм. Одоо төрсөн ахтайгаа хамт өрхийн үйлдвэрлэлээ хийгээд ажлын байр бий болгоод хүмүүс сургаад ажиллаж байна.
Арваад жилийн өмнө гэргийтэйгээ айл болоод гарч байхдаа будагтай эрээн гэр, мебель тавилгатай айл байсан. Тэгээд өөрөө хийж чадаж байгаа юм чинь гэрээ гоё тохижуулахаар шийдээд бага багаар өөрчилсөн юм.
Манай гэрт Олимпийн аварга Н.Түвшинбаярын тоглосон "Алтан тариа" үйлдвэрийн гурилын рекламны зураг авалт хийж байсан. Яг ийм сийлбэртэй гэрт, сийлбэртэй цэвэр модон тавилгаар тохижуулаад амьдардаг айл их цөөхөн болсон шүү.
С.Одхүү: Сийлбэртэй тавилга гэдэг их тансаг, гоё сайхан харагддаг. Маш сайн чанартай. Учир нь сийлбэрийг сайн модон дээр хийдэг. Өөрийнхөө байшинг бариад хаалга, цонх, тавилгаа бүгдийг нь өөрөө хийсэн. Хамгийн гол нь эко, цэвэр модон тавилга гэдгээр нь хүүхдүүдээ, хэрэглээгээ бодож хийсэн.
Хамгийн сүүлд цагаан будагтай, чулуун тавцантай, сийлбэртэй ширээ хийж үзсэн. Сайжруулах зүйл их байгаа.
Ажлын байр бий болгоод таван жил болж байгаа ч зээл тусламж авч үзээгүй. Нэг удаа төсөл бичиж өгсөн ч хариу өгөөгүй алга болсон. Бор зүрхээрээ л хичээж байна.
Материалын үнэ өссөн ч тавилгынхаа үнийг нэмээгүй байгаа. Зээлд хамрагдаж чадвал ажилчдынхаа цалинг тавьж, ахиад нэг хүн ажилд авч, техник авах хэрэгтэй л байна. Хамгийн гол нь сийлбэр гэдгийг хүмүүст зааж сургаж, үүгээр дамжуулан ажлын байртай залуусыг бий болгож, өв уламжлалаа авч үлдэхээр дүү бид хоёр зорьж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.