СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Фүкүшимагийн ослоос хойш 10 жилийн хугацаанд юу өөрчлөгдөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-ний баасан гарагийн өдөр Япон улсын зүүн эрэгт 9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Уг газар хөдлөлтийн улмаас цунами үүсч, Хоншу арал бүхэлдээ өртөж, эргийн тосгон суурингууд газрын зурагнаас арчигдаж, 18,000 гаруй хүн амиа алдсан гэж үздэг.

Газар хөдлөлтийн улмаас цунамийн давлагаа 14 метр өндөрт хүрч, усан хана үүссэн. Байгалийн гамшгаас болж Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын реакторууд усанд автсан юм. Цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаа зогсож, цөмийн цацраг идэвхт бодис алдагдах нөхцөл байдал үүссэн тул 150,000 орчим иргэнийг аюултай бүс нутгаас яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Нийт нүүлгэн шилжүүлсэн иргэдийн тоо хагас саяд хүрсэн гэж мэдээлдэг.

Тэгвэл 10 жилийн дараа энэ бүс нутагт оршин суудаг байсан олон иргэн эргэж ирээгүй байна. .

Фүкүшима Дайчи цөмийн эрчим хүчний станц Фүкүшима мужийн Окума тосгонд байрладаг. Нийслэл Токио хотоос зүүн хойшоо 220 км зайтай, улсын зүүн эрэгт байдаг. Газар хөдлөлт 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 14:46 цагт бүртгэгджээ. Эргийн оршин суугчдад цунамигаас зугтах 10 минутын хугацаа л байжээ. Цөмийн эрчим хүчний станцын реакторууд автоматаар унтарсан боловч цөмийн хортой шингэн гурван реактороос алдагдаж, хэсэгчлэн хайлж эхэлсэн. Химийн олон удаагийн дэлбэрэлт болсноос станцын барилга эвдэрч гэмтсэн бөгөөд Номхон далай, агаар мандалд цөмийн цацраг идэвхт бодис алдагдсан юм.

Шүүмжлэгчид Японы Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний Тепко компаниудын аль аль нь хариу арга хэмжээ авах болон бэлэн байдалд бэлтгэлгүй байсан гэж үздэг. Бие даасан шинжээчдийн баг цөмийн эрчим хүчний ослыг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж дүгнэсэн. . Гэсэн ч Засгийн газар хариуцлагыг давхар хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл 10 жилийн дараа гэхэд Японы зүүн хойд хэсгийн хэд хэдэн суурин тосгон хаалттай хэвээр үлджээ. Эрх баригчид оршин суугчдыг гэрт нь эргүүлэн авчрахын тулд бүс нутгийг цацраг идэвхт бодисоос цэвэрлэхээр ажиллаж байна. Ирэх 30-40 жилийн хугацаанд олон арван мянган ажилчин цөмийн хог хаягдал, цөмийн шингэн, сая гаруй тонн цацраг идэвхт бодистой усыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх ажээ.

Гэсэн ч цацраг идэвхт бодисны хор хөнөөлөөс айж байгаа иргэд дахин хэзээ ч эргэж очихгүй байхаар шийджээ. Харин зарим иргэд далай тэнгисийн ус хор хөнөөлийг багасгаж хүн болон ан амьтдын эрүүл мэндэд учруулах эрсдлийг бууруулна гэдэгт итгэж байна. Хүрээлэн буй орчныг хамгаалагч Greenpeace групп усанд агуулагдсан цацраг идэвхт бодис хүний ДНХ-г гэмтээнэ гэж үзжээ.

Эх сурвалж: ВВС 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.