Өнөөдөр дэлхийн анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагариний мэндэлсний 87 жилийн ой тохиож байна. Тэрээр 1934 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Смоленск хязгаарын Гжатск хотын ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлж байжээ.
Энгийн нэгэн тариачны гэр бүлд төрсөн Гагарин 1961 онд хүн төрөлхтний дундаас сансарт ниссэн анхны хүн болж, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Түүний сууж явсан "Восток-1" сансрын хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09:07 цагт Байконураас хөөрчээ. Энэ үед Гагарин 27 настай байсан байна.
Дэлхийг нэг тойрсныхоо дараа Гагарин газардах хөлгийн капсулд биш шүхрээр буусан юм. Тэрээр төлөвлөсний дагуу газраас 6-7 км өндөрт шүхрээ задалсан байна. Гагарин Дэлхийгээс хөөрөхдөө ахлах дэслэгч цолтой байсан хэдий ч сансраас хошууч цолтой буцаж ирсэн нь эрх баригчид түүнийг амьд эргэж ирэхгүй гэж бодож байсантай холбоотой.
Харамсалтай нь тэрээр 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 34 настайдаа сургуулилтын нислэг үйлдэж байгаад онгоцтойгоо осолдож, нас барсан юм. Юрий гэдэг нэр 60-аад онд ЗХУ-д хамгийн алдартай нэр болсон бөгөөд одоо түүний нэрээр хот, гудамж, сургууль, нисэх онгоц, хөлөг онгоц гээд нэрлээгүй зүйл ховор.
Юрий Гагарин олон үеийн туршид шүтээн болсон. Дэлхийн удирдагчид түүнтэй гар барихыг нэр төрийн явдал гэж үзэн, алдартнууд түүний гарын үсгийг авахаар дараалан жагсаж, язгууртнууд түүнээс хамт гэрэл зураг даруулах зөвшөөрөл хүсдэг байсныг ОХУ-ын "НТВ" агентлаг дурсан тэмдэглэжээ.
Энэ онд Гагарины төрсөн өдрийг Смоленск хязгаарт тэмдэглэх бөгөөд энэ сарын 7-12-ны хооронд тусгай үйл ажиллагаануудыг төлөвлөжээ.
Эх сурвалж: НТВ, Readovka67.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.