АНУ-ын "Orbital Assembly Corporation" компани дэлхийн анхны сансрын зочид буудал болох "Voyager Station"-г 2027 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэхүү футуристик зочид буудал нь дэлхийн тойрог замд эргэлдэх дугуй хэлбэрт байгууламж байх бөгөөд цахилгаан шатны хонгилоор холбогдсон 24 модулиас бүрдэх аж. Хэдийгээр коронавирусийн цар тахалтай холбоотой хэд хэдэн саатал гараад байгаа хэдий ч уг сансрын зочид буудлын барилгын ажил төлөвлөсөн ёсоор 2026 онд эхлэх төлөвтэй байгаа бөгөөд 2027 он гэхэд сансарт түр оршин суух нь бодит байдал болж магадгүй юм.
Төсөл зургуудаас харахад тус зочид буудал нь интерьерийн хувьд дэлхий дээрх тансаг зочид буудлуудтай ижил төстэй байна. Дизайны ахлах архитектор Тим Алаторре ба түүний баг халуун дулаан уур амьсгалтай люкс өрөө болон тансаг баар, ресторанаар дамжуулан дэлхийн нэг хэсгийг сансарт авчрахыг зорьж байгаа аж. Зочид сансарт байгаа хэдий ч жирийн орон дээр унтаж, шүршүүрт орох боломжтой гэнэ.
Гэвч энэ нь сансарт байгаа гэдгээ ор тас мартана гэсэн үг биш. Зочид буудлын ресторанд хөлдөөж хатаасан зайрмаг гэх мэт "сансрын хоол"-оор үйлчлэх аж. Мөн амралт, чөлөөт цагаа "Дэлхий дээр хийж чадахгүй зүйлс"-ээ хийн өнгөрөөх боломжийг олгох юм. Алаторре энэ талаар "Таталцлын хүч буурч, жингүйдлийн нөхцөл бүрдэх тул та улам өндөрт үсэрч, илүү хүнд зүйлийг өргөн, дэлхий дээр гүйх боломжгүй арга замаар гүйх болно" хэмээн ярьжээ.
Сансрын аялал жуулчлалын сэдэв сүүлийн үед улам хүчээ авч байгаа бөгөөд "Virgin Galactic" болон Илон Маскийн "SpaceX" зэрэг хэд хэдэн компани үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүч түрэн өрсөлдөж байгаа юм. Одоохондоо "Voyager Station" сансрын зочид буудлын нэг өрөөний үнэ өртөг нь тодорхойгүй байгаа хэдий ч хямд тусахгүй гэдэг нь тодорхой. Жишээлбэл, "Virgin Galactic" компанийн тойрог замын аялал нь нэг хүний 250,000 ам.долларын өртөгтэй байх төлөвтэй байгаа юм.
Гэсэн хэдий ч "Voyager Station"-ы багийнхан ирээдүйд уг сансрын зочид буудлыг "Далайн аялал эсвэл Диснейлэнд рүү аялахтай адил" болгоно гэж найдаж байгаагаа онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.