Өнөөдрөөс эхэлж, Улаанбаатар хотод өдөр бүр 15000-20000 хүнийг 85 цэгээр вакцинжуулах ажил эхэллээ. Эхний ээлжинд нэн шаардлагатай салбарын ажилчдаа вакцинд хамруулахаар төлөвлөсний нэг нь дулааны цахилгаан станцын салбарын 996 ажилтан юм. Тэднийг Хан-Уул дүүргийн ЭМТ-ийнхөн вакцинжуулж байна.
Манай улс Астразенека 150 мянган тун, ОХУ-ын "Спутник-V" вакцин 10 мянган тун, БНХАУ-ын Синофарм 300 мянган тун нийт 460 мянган хүн тун вакцины нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар нийт 20976 мянган хүнийг вакцинжуулаад байна.
Манай сурвалжлагч "ДЦС-3"-ын ТХХ-ийн дарга Д.Төмөрбаатараас дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр, "Нийт ажилтан албан хаагчид маань өглөөнөөс эхэлж ковидын вакциндаа хамрагдаж эхэллээ. Манай салбар эрчим хүчний системийн хэмжээний онц чухал обьект, тасралтгүй 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Монгол орны эрчим хүчний системийн 18 хувийг цахилгаан эрчим хүчээр, 35-40 хувийг дулааны эрчим хүчээр хангадаг. Вакцинжуулалтад бүх ажилтан хамрагдана. Өнгөрсөн хугацаанд бид ажилчдаа эрүүл байлгахын тулд ПСР шинжилгээг долоо хоног тутамд, халдвар хамгааллын хэрэгслийг сар бүр нормоор олгосон. Аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн төлбөрийг Засгийн газраас долоодугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ хэрээр ачаалал өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал эрс нэмэгдсэн" гэлээ.
Вакцинд хамрагдсан хүмүүсийг 15 минут ажиглаад ажилд нь гаргаж байгаа ажээ. Манай сурвалжлах группийг очих үеэр вакцинд хамрагдаад байсан иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна гэж ярьлаа. Тэдэнд БНЭУ-аас оруулж ирсэн Астразенека вакциныг хийж байгаа бөгөөд хоёр дахь тун вакциныг хоёр сарын дараа нөхөн хийх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.