Францын агаарын тээврийн салбарын тэрбумтан бөгөөд Парламентын гишүүн Оливье Дассолт болон түүний нисгэгч нисдэг тэрэгний ослын улмаас нас барсан гэж эрх баригчид өнгөрөгч ням гарагт мэдэгджээ.
69 настай Оливье Дассолт нь "Falcon" маркийн хувийн онгоц болон "Rafale" сөнөөгч онгоцыг бүтээсэн хүчирхэг гэр бүлийн бизнесийн эзэнт гүрний өв залгамжлагч байсан бөгөөд "Le Figaro" сонин зэрэг бусад олон бизнесийг эзэмшдэг байсан юм.
Осол Норманди бүсийн Туок хотод болсон бөгөөд шүүхээс хүн амины хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тушаал гаргасан гэж Лисио бүсийн Прокурорын газраас мэдээлжээ. Францын үндэсний агаарын ослын мөрдөн байцаах агентлагийн мэдээлснээр "Airbus AS350" маркийн нисдэг тэрэг нь хувийн нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараахан осолдсон байна. Тус агентлагийн мөрдөн байцаагчид өчигдөр ослын газарт шалгалт хийхээр явсан аж.
"Forbes" сэтгүүл Оливье Дассолтыг 2020 оны дэлхийн хамгийн баян 500 хүний жагсаалтад оруулж байжээ. Тэрээр гэр бүлийн бизнес болох "Dassault Group"-т гүйцэтгэх албан тушаал хашиж байсан бөгөөд 2002 оноос хойш Францын Парламентын доод танхимд хууль тогтоогчийн хувиар ажиллаж байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.