Улсын онцгой комисс /УОК/-оос вакцинжуулалтыг урьд өдрүүдийнхээс 10-13 дахин эрчимжүүлж байгаа талаараа мэдээллээ. Улаанбаатарт маргаашаас вакцинжуулалтын 85 цэг ажиллаж эхлэх аж.
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Хэдийгээр халдварын тоо буурахгүй байгаа ч Засгийн газраас аль болох иргэдийн хөлийг хорихгүй байх, эдийн засгаа унагахгүй байх бодлогыг баримталж байна. "Нэг хаалга - Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнгүй боллоо гэсэн яриа иргэдийн дунд байна. Хэрэв бид энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол халдварын тоо 6500-д хүрэх байсан гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байсан.
-Урлаг соёлын тоглолт цаашид үргэлжлэх үү?
-Гуравдугаар сарын 4-нөөс дөрөвдүгээр сарын 1 хүртэл 17 тоглолт товлогдоод байсан. Уран бүтээлчид маань үүргээ ухамсарлаж, 90 хувь нь тоглолтоо цуцлах, хойшлуулах арга хэмжээ авсан. Цаашид урлаг, соёлын тоглолттой холбоотой шийдвэрийг НОК, АОК шийдвэрлээд явна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Вакцинжуулалтын 85 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ. Дүүрэг бүрт 10-15 цэг байршина. Энэ сардаа багтааж, 508 мянган хүнд, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинд хамруулна. Маргааш 15 мянган хүнийг хамруулна. 10-наас худалдааны байгууллага, 11-нээс боловсролын байгууллагын ажилтнуудыг хамруулах төлөвлөгөө гарсан.