Коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн байдлаар 13 269 хүнд ПСР шинжилгээ хийхэд 108 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотын голомтоос 105, тусгай үүргийн онгоцоор гурван тохиолдол илэрсэн. Тухайлбал, хоёрдугаарын сарын 25-ны Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүн, гуравдугаар сарын 5-ны Нурсултан-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрснийг давтан шинжилгээгээр батлав. Ингэснээр Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 421 болов.
УДЭТ-ын нэг жүжигчин халдвартай байсан. Үүнийгээ мэдэхгүй хөдөө орон нутагт тоглолтоор явсан байна. Гуравдугаар сарын 3-7-ны хооронд тоглогдсон "Анна Каренина" жүжиг үзсэн 900 хүн байна. Урьдчилсан байдлаар 119 хүнээс шинжилгээ авахад өчигдөр 54-өөс нь халдвар илэрлээ. Драмын театраар үйлчлүүлсэн хүмүүс өөрсдийгөө тусгаарлах, шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Мартын-8-ны баяр болж байна хэмээн гэртээ зочин урих хэрэггүй гэдгийг хэлмээр байна.
Завхан аймагт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Буяны ажлаас халдвар тархсан. Нэгээс нь 39, Төв аймгийн тохиолдлоос одоогоор дөрвөн халдвар илрээд байна. Шинжилгээний хариу нь гараагүй байхад буяны ажилд оролцохоор явсан. 62 хүнээс шинжилгээ авахад дөрвөн тохиолдол илэрсэн, одоо 72 хүнээс авч байна. Төв аймагт 100 хүнийг тусгаарлаад байна.
21 хоногийн өмнө коронавирусийн халдвар авсан иргэн олон эрхтэний, сахар болон бөөрний дутагдлаар өчигдөр ХӨСҮТ-д нас барсан.
Өдөрт 60-100 тохиолдол бүртгэгдэж байгаа нь анхаар гэсний дохио. 50 хүн эмнэлгээс эдгэрч гарахад зөрөөд 269 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэдийн анхаарал суларсан байна. "ПСР өгсөн юм чинь би эрүүл" гэж бодсонсоос гудамж талбай, олон нийтийн газар бөөгнөрөл их байна.
ЭМЯ-ны хэвлэлийн албаны зөвлөх Б.Ууганбаяр:
-Хэдийгээр Мартын-8, баярын өдөр боловч халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа учир өнөөдөр товлогдсон тоглолтуудаа цуцлахыг уран бүтээлчдээс уриалж байна.
-"Нэг хаалга- Нэг шинжилгээ" арга хэмжээ ямар ч үр дүнгүй боллоо гэсэн асуулт иргэдийн дунд байна?
А.Амбасэлмаа:
-Нөхцөл байдлаа дүгнэсэн маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Харамсалтай нь, иргэдийн дунд тайвшрал бий болсноос халдварын тоо буурахгүй байна. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Халдвар нийтэд тархаагүй, голомтолсон /кластер/ хэлбэрээр байна. Гэхдээ хүн бүр өвчлөх магадлалтай учир сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.