СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-03-07

"Догшин хар”

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хэрцгий догшин, омог бардам, тэнгэрлэг, дорой, үл тэвчим бусармаг явдлын, үнэнч хайрын гэгээхэн эзний гээд хүнээс гарч болох түмэн янзын араншинг туйлд нь хүртэл бүтээж чадсан жүжигчин гэвэл мэргэжил нэгт нөхөд нь төдийгүй Монголын ард түмэн хэзээд түүний нэрийг л хэлнэ. Тэрээр хүмүүний орчлонгоос эрт одсон ч урлагийн ерөнцөд өөрийн гэсэн зам мөрөө тодоос тод үлдээгээд явсан гайхалтай уран бүтээлч байсан юм. 

Монгол Улсын гавьяат жүжигчин Лувсан-Осорын Нямсүрэн. Энэ агуу жүжигчний тухай бичих нь чухамдаа хамгийн цагаа олсон хэрэг гэдгийг мэргэжил нэгт нөхөд нь дуу нэгтэй хэлж байсан юм. Тэр дундаа агуу жүжигчин байсан гэдгийг нь тодотгон, толгой сэгсрэн шогшрон хэлж байснийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Үнэхээр ч Л.Нямсүрэнгийн дотоод чанадад нэвтрэх бүр бишрэх, хайрлах мэдрэмжид улам автаж байсан нь түүнд агуу гэдэг тодорхойлолт ихэд нийцэх мэт санагдаж байлаа.

Аливаа жүжигчнийг эерэг гэхээс илүү эсрэг талын дүрд хэрхэн тоглосноор нь үнэлдэг. Жүжигчин Л.Нямсүрэнгийн тайз дэлгэцийн дүрүүдийн олонхи нь сөрөг талынх байдгийг хүмүүс андахгүй.

Тэрээр бүтээсэн дүрээрээ үзэгчдийг өөрийн эрхгүй үзэн ядахад хүргэтэл тоглож чадсаны дээр тэр л дүрүүдээрээ монголчуудын сэтгэлд мөнхөрсөн. Гэхдээ түүнд “Мандухай сэцэн хатан” киноны Мандуул хаанаас гадна  “Давааны цаана даваа” киноны нэгдлийн дарга Жавын дүр нь ажлын төлөө гэсэн ийм хүн өнөөгийн нийгэмд байсансан бол гэмээр сайхан хүнийг бүтээсэн байдаг. Түүнээс гадна тайзны олон жүжигт бүтээсэн дүрийнх нь талаар хэлэхгүй өнгөрч болохгүй.

“Лир ван”, “Отелло”, “Гамлет”зэрэг дэлхийн сонгодгоос эхлээд үндэсний томоохон жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Түүний уран бүтээлээс зөвхөн жүжгийн дүрүүдийг жагсаахад маш урт жагсаалт гардаг юм билээ. Тэрээр эгэл даруухан Л.Нямсүрэнг “эвдэж”, Мандуул хаан, Догшин хар, Жав, Яго /Отелло/, Лаэртийн /Гамлет/  зэрэг эерэг сөрөг олон дүрийг бүтээсэн гавьяа нь өнөө цагтсан бол гавъяатыг байтугай ардын жүжигчин цолыг ч хүртэхээр байсныг ард түмэн гэрчилнэ. 

. Ширүүн харц, хямсгар мэт төрх нь ёстой л “Догшин хар”-ын дүр шигээ харагддаг болохоор эгэл даруухан Л.Нямсүрэн нэг л бууж өгөхгүй байв. Түүний хувийн амьдрал тийм ч аз жаргалтай, тэгш дүүрэн байгаагүй бололтой. Гэвч тэрээр хэзээ ч зовлон гунигаа ил гаргаж, сэтгэлийн тэнцвэрээ алдаж байгаагүйг дотны нөхөд нь хэлдэг. Үүгээрээ ч эр хүн шиг эр хүн байсан гэж дурсагддаг юм билээ. 

 “Өргөө” кинотеатрын даргаар олон жил ажилласан Д.Баатар бол жүжигчин Л.Нямсүрэнгийн найз нь бас хөрш нь явсан нэгэн юм. Тэрээр андынхаа талаар ийн дурсч байна.

-Л.Нямсүрэн гуайтай таныг ойр дотно байсан гэж сонслоо. Түүний тухай эргээд дурсвал?

- Л.Нямсүрэнг надаас илүү ард түмэн сайн мэднэ дээ. Бид олон жил хөрш байснаас гадна уран бүтээл дээр ч олон удаа хамтарч ажилласан л даа. Нямаа маань Драмын театрт, би улсын Филармонид хөгжимчин байлаа. . Амралтын үеэрээ байрны гадаа суучихаад ойр хавийн хүмүүсийг дуудаж, даалуу тоглох юм уу, хөгжилтэй зүйл ярьдаг хүн байсан. Тийм даруу сайхан хүн уран бүтээл дээрээ тэгж өөрчлөгдөнө гэдэг жүжигчин хүний чадвар байхгүй юү.

-Хөршийн хувьд асуухад, гэр бүлийнх нь талаар хэр мэдэх вэ. Хүүхдүүд нь ямар мэргэжилтэй хүмүүс юм бол?

-Гурван хүүхдээс нь мэргэжлийг нь өвлөсөн хүн байхгүй. Миний мэдэхээр Багийг нь Баасанжав гэдэг. Бусдыг нь сайн мэдэхгүй. Нямаа маань эр хүний ид тогтсон насан дээрээ л өөд болсон доо. Өвчин зовлон хэлдэггүй хүн гэнэтхэн л “явчихсан”. Ер нь өвчин тоочих тун дургүй хүн байсан.

-Дуу цөөтэй хүн байжээ дээ?

-Илүү дутуу юм ярьдаггүй хүн байсан. Түүнийг Драмын театрынхан ч мэдэж байгаа. Олон жил хамт амьдрахад хөршүүд бие биеэсээ гуйх юм гарна даа. Тэгэхэд надаас юм гуйж орж ирж байсныг мэдэхгүй юм. Харин эсэргээрээ би л Нямаагаасаа гүйж байсан байх.

-Танд дүрийнхээ талаар ярьдаг байсан уу. Тэр дүрдээ хайртай байсан ч гэдэг юм уу?

-“Өргөө” кинотеатрт намайг ажиллаж байхад хэдэн найзтайгаа ирж ярьж байсан юм. Тэр үе бол “Мандухай сэцэн хатан” кино ид гарч байсан үе л дээ. “Би бас ч гэж улсад үнэлэгдэж явдаг юм байна. Ийм том хааны дүрийг надад өглөө. Гэхдээ одоо харахад дутуу юм ч олон байна даа” гэхэд нь яагаад гэсэн чинь “Үүнийг та нар ч ойлгохгүй л дээ. Өөртөө л дүгнэлт хийж байна” гэж хэлж байсан.

Урлагийн гавъяат зүтгэлтэн, доктор Н.Ганхуяг:

-Тэрээр эсрэг дүрүүдэд голдуу тоглодог ч  ухаан залиараа хоорондоо их ялгаатай. Гэхдээ түүнийг дандаа эсрэг дүрд тоглодог жүжигчин гэж хэлж болохгүй л дээ. Театр талаасаа эерэг талын олон дүрд тоглосон хүн. Дурлалын баатарт ч, сайхан малчинд ч, жирийн  албан хаагчид ч тоглосон байдаг.

Зан чанарын хувьд их даруу. Хүн үг өдөж байж л юм ярина уу гэхээр биш барагтай дуугардаггүй, дуу муутай хүн байгаа юм.

Драмын театрт хэдэн жил ажиллахдаа тэр хүнээс би олон зүйл мэдэж авсан л даа. Хэдийгээр мэргэжлийн хүн биш ч гэлээ амьдралын асар их ухаан, өргөн мэдлэгтэй. Д.Намдаг гуайн  “Эрдэмтдийн яриа” жүжигт Ишдорж гэдэг эрдэмтний дүрд, Г.Гомбосүрэн багштай портнёр болж тоглосон. Г.Гомбосүрэн гуайн хувьд буурьтай эрдэмтний дүр харагдаж байхад, Ишдоржийн дүр бол амьдралаас эх авч судалгаа хийсэн гэмээр туршлагатай эрдэмтний дүрийг гаргадаг. Өмнө нь ер ярьж байгаагүй нэг түүх сөхөхөд, 1983 онд Драмын театрынхан Иснославскийн тайзнаа гарч тоглож байсан уран бүтээлчид байв. Тэр тайзан дээр гарч тоглоно гэдэг түүхэн хэрэг л дээ. Монгол байтугай Оросын жүжигчид тэр бүр гардаггүй тайз шүү дээ. Тэр үед Нямсүрэн ах ямар нэг одон шагнал аваагүй байсан. Би түүнийг хурцлах гэж “Та хэзээ ч гавъяат жүжигчин болж чадахгүй ” гэж хэлж байсан. Тэгээд гавьяат болсон хойно гэрт нь сууж байхад “Чиний тэр үг урмын ташуур болсон” гэж билээ.

. Тэрээр багшийнхаа адил дагалдан жүжигчнээр анх урлагийн замд оржээ. Түүний жүжигчин болохоос өмнөх түүхийг сөхөхөд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул тэрээр малчин айлын шар бууцан дээр өсч, торнижээ. Хувь заяаны эрхээр Хатгалын, Дорнодын, Налайхын гал командын газарт гал сөнөөгчөөр ажиллаж явсаар хотод ирж, Драмын театрт дагалдан жүжигчнээр оржээ. Түүнийг анх урлагийн замд хөтөлсөн хүн нь Дэлгэрбуян найруулагч гэдэг. Түүний урлагийн төлөө гэсэн оргилсон их тэмүүлэлийг найруулагч Н.Ганхуягийн хэлснээр “гал сөнөөгч хүний сэтгэлд нь бас их гал байсан юм болов уу” гэсэн үгтэй холбож ойлгож болох мэт санагдана. Мартаж болохгүй, мартахын аргагүй жүжигчин бол яах аргагүй Л.Нямсүрэн гэдгийг урлагийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүмүүс ярьж байсныг дахин хэлье.  Хамгийн гол нь урлагийн төлөө сэтгэлээ өгсөн ийм хүмүүсийг хойч үедээ таниулах нь чухал гэдгийг тэд хэлж байсан. Мандуул хааны, Жавын, Догшин харыг энэ цагийнхан мэдэх ч ирээдүй үеийнхэн мэдэхгүй өнгөрвөл яах вэ. Тиймээс урлагт тод мөртэй, амьдралд бүдэгхэн жимтэй гавьяат жүжигчин Лувсан-Осорын Нямсүрэнг гавьяаг мартах ёсгүй.  2010 он.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.