Туркийн зүүн хэсэгт өнгөрөгч пүрэв гарагт армийн нисдэг тэрэг осолдож, онгоцонд байсан 11 цэргийн алба хаагч амиа алдан, хоёр хүн гэмтсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
"Cougar" маркийн нисдэг тэрэг нь Бингол мужаас Татван руу явж байсан бөгөөд 14:25 цагийн орчимд холбоо тасран, удалгүй Чэкмэже тосгоны ойролцоо осолдсон гэж албаныхан мэдээлсэн юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр амиа алдсан алба хаагчдын дунд өндөр албан тушаалтай офицер байсан аж.
Эрх баригчид уг ослыг золгүй явдал гэж тодорхойлсон бөгөөд одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байна. "HaberTurk" телевизийн мэдээлснээр нисдэг тэрэг их хэмжээний цас, манан зэрэг цаг агаарын таагүй нөхцөлд осолдсон байж магадгүй юм.
Чэкмэже тосгоны оршин суугч Давут Бикек ослын газар дээр хамгийн түрүүнд очжээ. Тэрээр "Гэмтсэн офицеруудын нэг нь нисдэг тэрэгний дор байсан хэдий ч тийм ч хүчтэй дарагдаагүй байсан. Тэр амьсгалж чадахгүй харагдаж байсан тул би түүний аман дээрх цасыг цэвэрлэсэн. Дараа нь би цасыг ухаж эхэлсэн. Гар минь шархалж, хөхөрсөн ч гэсэн би ухсаар, ухсаар шархадсан цэргийг гаргаж авсан" хэмээн төрийн мэдлийн "Анадолу" агентлагт ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.