СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2021-03-02

Гавьяат эдийн засагч П.ПҮРЭВЛХАГВА: Тэрбумын алдагдалтай төсвийг нэг жилийн дотор тэрбумын ашигтай болгож байлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор өчигдөр энгэрээ мялаасан эдийн засагч П.Пүрэвлхагвыг “Өглөөний зочин” буландаа урилаа. Тэрбээр банк, санхүү, төсвийн салбарт тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаагийн ихэнх хугацааг Орхон аймгийн эдийн засгийг сайжруулахад зарцуулжээ.

-Юуны өмнө төрийн дээд медалиар энгэрээ мялааж, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртсэн танд баяр хүргэе. Гавьяат эдийн засагч болсон сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Эдийн засгийн салбарынхаа төрийн дээд медалийг “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улстөрийн нам байгуулагдсаны 100 жил ойн түүхэн өдөр хүртэж байгаадаа баяртай байна. Би Орхон аймагтаа 10 жилийн сургууль төгсөөд, Москва хотод Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн.

Үүнээс хойш ихэнхдээ Орхон аймгийнхаа банк, санхүү, төсвийн салбарт тасралтгүй 30 гаруй жил ажилласан байна.

-Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай гуай анх хүртэж байсан. Үүнээс хойш улс орондоо ихийг хийж, бүтээсэн олон сайхан хүмүүс гавьяатууд боллоо. Таны хувьд ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?

-Би боловсролын салбараас ажлын гараагаа эхлүүлсэн. Дөнгөж сургууль төгсөөд Улаанбаатар хотод Боловсролын хүрээлэнд эдийн засагчаар ажилд орж байлаа. Тухайн үед доктор Р.Бандий ахтай хамтарч Монгол Улсын шаталсан боловсролын системийн тухай анхны төслийг гаргалцаж байв. Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх төлөвлөлтийн чиглэлээр анхны ажлуудыг хийж, ажлын гараагаа эхэлж байсан.

Дараа нь нэг жилийн хугацаанд Монгол Улсын Техникийн их сургуулийн санхүүгийн хэлтсийн даргаар ажилласан. Тухайн үед Техникийн их сургууль жилд 40 сая төгрөгийн төсвөөр үйл ажиллагаа явуулдаг, зургаан том салбартай байсан учир санхүүгийн хэлтсийн даргаар ажиллахад ахиу туршлага хуримтлуулсан. Үүнээс хойш дандаа Орхон аймагтаа ажилласан. Аймгийнхаа хэд хэдэн банкинд салбарын захирлаар ажилласан.Тухайн үедээ миний ажиллаж байсан Ард банк, Сэргээн босголтын банкууд гэхэд улсын хэмжээнд хоёрт ордог. Чингэлтэйн Ард, Чингэлтэйн Сэргээн босголтын салбарын дараа гүйлгээний хэмжээ, ажлын үр дүнгийн үзүүлэлтээрээ хоёрдугаарт ордог салбарууд байсан.

Монгол Улс банкны хоёр шатлалт систем рүү шилжих зурвас үе таарсан чухал эгзэгтэй үед банкны томоохон салбарыг удирдаж ажилласан. Сүүлийн 20 орчим жил Орхон аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга, Засаг даргын орлогчоор ажиллахад төсвийн шинэчлэлийн он жил таарлаа. Төрийн сангийн тогтолцоог бэхжүүлэх ажлыг Орхон аймагтаа удирдаж хэрэгжүүлсэн байна.

-Та төсвийг шинэчилж, илүү үр өгөөжтэй болгоход чиглэсэн ажлуудыг хийж байжээ. Үр дүн гарсан зарим ажлаасаа жишээ болгон сонирхуулаач?

-Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн бодлого, бүтцийг сайжруулах ажлууд сүүлийн жилүүдэд улс орон даяар хийгдэж байна. Жишээ болгон сонирхуулахад, 2000 онд Орхон аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар очлоо.

Биднийг төсөв хүлээж авч байхад Орхон аймгийн төсөв нэг тэрбум төгрөгийн алдагдалтай, 1.5 тэрбум төгрөгийн өртэй байсан. Нэг жилийн дотор төсвийн алдагдлыг нөхөж, нэг тэрбум төгрөгийн ашигтай төсөвтэй болгож ажиллаж байлаа.

Үүнээс хойш Орхон аймаг төсвийн алдагдалд орж байгаагүй. Аль ч аймгийн хувьд, улсын төсвийн хувьд ч тэр төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, зөв хөрөнгө оруулалтыг дэмжихэд анхаарах нь зүйтэй. Орхон аймгийн хувьд бие даан төсөв бүрдүүлдэг, өөрийн гэсэн орон нутгийн орлоготой, хот аймаг гэж нэрлэгддэг. Хөдөөний ганц сумтай. 100 гаруй мянган хүн ам төвлөрсөн. Улаанбаатар хотын дараа орох төвлөрөлтэй хот аймаг. Үйлдвэр дагаж хөгжсөн хот учраас дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байдаг. Орхон аймаг Монгол Улсад байхгүй үнэтэй ус хэрэглэдэг онцлогтой. 60 км газраас цэвэр усаа зөөвөрлөдөг.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг түшиглэн хөгжлийн гараагаа эхлүүлсэн аймаг бол Орхон аймаг. Тиймээс тус үйлдвэр аймгийн эдийн засаг, нийгмийн зарим асуудалтай уялддаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зарим нийгмийн объектыг Орхон аймагт шилжүүлж авах ажлууд 2000 оны үед хийгдэж байсан. Жишээлбэл, зургаан цэцэрлэгийг шилжүүлж авч байсан. Орхон аймгийн бас нэг онцлог нь бусад аймгаас том инженерийн дэд бүтэцтэй. Инженерийн шугам сүлжээний шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай болсон. 100 гаруй мянган хүн амтай учраас эдийн засаг, нийгэм рүүгээ чиглэсэн, аль салбартаа түлхүү хөрөнгө оруулалтаа хийж, бодлого явуулах вэ гэдэг онцлогийг маш зөв олж, тодорхойлох нь чухал байдаг.

-Цар тахлын үед Орхон аймгийн эдийн засагт асуудал тулгарав уу. Төсөв тооцоолж байснаасаа ямар гарсан бэ?

-2020 онд бусад аймгийн төсөв болон улсын төсөв нэлээд хүндэрсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаас Орхон аймгийн ихэнх төсөв бүрддэг. Тэгвэл зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 9600 ам.доллар давсан байна. Төсвийн төсөөлөл дээр 6500 ам.доллараас хэтрээгүй төсөвлөсөн байх. Тиймээс Орхон аймгийн төсөв хүндрээгүй. Цар тахлын нөхцөл байдал Монгол Улс гэлтгүй дэлхийн улс орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа. Улсын хэмжээнд төсөв, эдийн засгийн байдал хүндэрсэн байна.

-Тэгвэл улсын эдийн засгийг сэргээх, ажлын байр, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр Засгийн газраас 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Энэ тухайд таны бодол ямар байна вэ?

-Эдийн засагчийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зөв зүйтэй гэж харж байна. Гэхдээ энэ арга хэмжээг хугацаа хоцорч хэрэгжүүлж эхэллээ. Одоо эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах алхмуудыг хийж, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ жижиг, дунд үйлдвэр биш өрхийн бичил болон жижиг бизнес рүү чиглүүлбэл жинхэнэ очих ёстой эзэддээ очиж, эдийн засгийн цусны эргэлт сайжирна.

Үүнээс биш зөвхөн жижиг, дунд үйлдвэр гэдэг томьёололд жижиг, дунд үйлдвэрийн зээл өгөх юм бол хэдэн тэрбумаар нь зарим том аж ахуйн нэгжид зээл олгох гэсэн асуудал дахин гарах вий гэсэн болгоомжлол байна.

“Эрдэнэт үйлдвэр” хүртэл дунд үйлдвэрт ордог шүү дээ. Тиймээс аль болохоор ажлын байрыг бий болгох, дээрээс нь иргэдэд өөрсдийгөө ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өрхийн жижиг болон бичил бизнест хөрөнгө зарцуулах нь зүйтэй гэж харж байгаа.

Ингэхдээ аймаг, орон нутгийн онцлогийг нь харгалзсан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, аж ахуйг дэмжих нь илүү үр дүнтэй. Хоёрдугаарт, мэдээж Монголбанк бодлогын хүүгээ тэглэх ёстой. Ингэж байж 10 их наядын төлөвлөгөө зохих үр дүндээ хүрнэ.

-Та эдийн засагчаар ажилласан жилийнхээ нэлээдгүй хугацааг банк, санхүүгийн салбарт ажиллаж өнгөрөөжээ. Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Монголын арилжааны банкуудын зээлийн хүү маш өндөр байсаар ирсэн. Зээлийн хүү өндөр учраас банкууд мөнгө хүүлэгчид болж хувирсан. Өндөр хүү тогтоосноор бизнесийн ашиг гэхээс биш үйл ажиллагааны ашиг олоод, хөл дээрээ босоход хэцүү байсан. Монголбанкнаас болон Засгийн газраас арилжааны банкуудын зээлийн хүү, хадгаламжийн хүүг тэг рүү чиглүүлсэн бодлого явуулах ёстой. Үүнийг аль ч улс оронд хийж хэрэгжүүлдэг.

Манай улсад сүүлийн хоёр жилд л зээл, хадгаламжийн хүү рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Миний банкны салбарт ажиллаж байх үе арилжааны банкны хоёр шатлалт системд шилжих үе байсан. Одоо зарим хүн үнэмшихгүй. Хүн өөрийнхөө дансанд байгаа мөнгийг авахын тулд шимтгэл төлдөг байсан үед арилжааны банкны захирал байлаа.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үед улс орнуудын зайлшгүй давж гарах замуудыг туулж манай банкны систем хөгжсөн. Арилжааны банкууд банк, санхүүгийн системийн хүндрэлийг давж гарсан хэдий ч өөрсдөө буцаад мөнгө хүүлэгч болж хувирсан нь л засах асуудал.

ЭДИЙН ЗАСАГЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН ХҮМҮҮС ЧАДВАРТАЙ БАЙГААРАЙ

-Хоёр шатлалт систем рүү шилжих үе гэдгийг тодруулбал?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улсын ганц банктай, арилжааны банкууд байгаагүй. Тэр үеийн төв банк нь арилжааны банк, төв банкныхаа ч үүргийг аль алийг нь гүйцэтгэдэг. Өрсөлдөөнгүй байсан. Одоо бол Төв банк нь төрийнхөө бодлогыг явуулдаг. Арилжааны банкууд зээл, хадгаламж гээд өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг. Ийнхүү улсын ганц банктай үеэс арилжааны банкууд руу шилжих үед би банкны салбаруудад захирал хийж байсан юм. Үүнээс хойш банкууд дампуурах нь дампуурч, хөл дээрээ зогсож хөгжсөн нь ч олон байна.\

-Таны төрсөн нутаг хаана билээ. Гэр бүлээ танилцуулбал?

-Би Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Миний аав, ээж хоёулаа багш. Аавыг маань Завханыхан андахгүй. Тооны багш жаахан Пүрэвжав гэж хүний хүүхэд. Эцэг, эхээс есүүлээ. Есөн хүүхдийн дундах нь би. Ханийг маань Батчимэг гэдэг. Булган аймгийн харьяат хүүхдийн эмч мэргэжилтэй. Охин, хүү хоёртой.

-Танай гэр бүлд ааваас нь өөр эдийн засагч мэргэжилтэй хүн байдаг уу. Гэр бүлийнхээ анхны Гавьяат эдийн засагч нь та юу?

-Хоёр дахь ах маань гавьяат эдийн засагч П.Гансүх гэж хүн бий. Хоёр хүүхэд маань хоёулаа эдийн засагч мэргэжлийг сонгосон. Гэхдээ мэргэжил сонгоход нь миний ятгалга ороогүй шүү. /инээв/

-Эдийн засагч мэргэжлийг сонгож, эдийн засагчаар ажиллаж байгаа хүмүүст юу захиж хэлэх вэ?

-Эдийн засагч амьдралд их ойрхон мэргэжил. Гэр орныхоо төсвийг бүрдүүлэх, орлого, зарлагаа тооцохоос эхлээд эдийн засгийн ойлголтуудыг бид өдөр тутамдаа хэрэгжүүлдэг. Ерөнхийдөө мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, заавал судлах ёстой ойлголтууд эдийн засагт байдаг. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон хүмүүст чадвартай байгаарай. Эдийн засагч мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшээрэй гэж захья.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.17

ZUV L YARISAN BN. DEMJIJ BN

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.