ОХУ-ын "Спутник V" вакцин нь коронавирусийн шинэ хувилбаруудын эсрэг хүчтэй үр дүн гаргаж байгаа талаар "Гамалея" халдвар судлал, бичил биологийн үндэсний судалгааны төвийн Орлогч дарга Денис Логунов мэдэгджээ.
Тэрээр "ОХУ-ын "Гамалея" төвөөс саяхан хийсэн судалгаагаар "Спутник V" вакцины хоёр дахь тун нь коронавирусийн шинэ хувилбаруудын эсрэг өндөр үр дүн үзүүлж байгаа нь тогтоогдсон. Үүний дотор Их Британи, Өмнөд Африкийн шинэ мутациуд багтсан. Мөн Оросын судлаачид векторт суурилсан вакцин нь бусад төрлийн вакцинтай харьцуулахад ирээдүйн вакцинжуулалтад илүү үр дүнтэй байна гэж үзэж байна" хэмээн тэмдэглэжээ.
"Спутник V" ба "AstraZeneca" зэрэг векторт суурилсан вакцинууд нь хүний биед хор хөнөөлгүй болгож өөрчилсөн вирусийн тусламжтайгаар генетикийн мэдээллийг дамжуулан, ирээдүйн халдварын эсрэг дархлаа бий болгоход тусалдаг байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд судалгааны үр дүнг удахгүй нийтлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: TASS, Reuters