АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгууль болж өнгөрснөөс хойш Ерөнхийлөгч асан Дональд Трамп анх удаа олон нийтийн өмнө мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Трамп улстөрийн шинэ нам байгуулж магадгүй гэсэн цуу яриаг няцааж, харин ирэх 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө цухуйлгасан ажээ.
Трамп 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байденыг Америкийг бүхний тэргүүнд бус бүхний хойно ухраалаа хэмээн хурцаар шүүмжиллээ. Дональд Трампыг нэгдүгээр сарын 7-ний өдөр жагсагчдыг Капитол Хилл рүү дайрахад өдөөн хатгасан гэж буруутган зэмлэл буюу импийчмент сонсгохоор Төлөөлөгчдийн танхимд санал дэвшүүлсэн боловч Сенатын танхимд гэм буруугүй гэж үзсэн.
Трамп Флорида мужийн Орландо хотод Консерватив улстөрчдийн бага хурал дээр ийнхүү үг хэлсэн нь түүнийг Бүгд Найрамдах намд нөлөөтэй хэвээр байгааг харууллаа гэж ажиглагчид тайлбарлажээ. Тэрээр хоёр ч удаа импийчмент болсон Америкийн анхны Ерөнхийлөгч болсны дараа Facebook, Twitter зэрэг цахим сүлжээний платформууд албан ёсны хаягийг нь хаасан хэвээр байна. Цагаан ордноос нүүснээс хойш Ерөнхийлөгч асан Флоридагийн Мар-а-Лаго гольфийн амралтын газартаа амьдарч байгаа ажээ.
74 настай төрийн тэргүүн асныг Хайатт Реженси зочид буудлын тайзан дээр гарч ирэхэд түүнийг дэмжигчид алга ташин баяр хүргэжээ. Дэмжигчдийн олонх нь амны хаалт зүүгээгүй байжээ. Трамп дэмжигчдийнхээ өмнө “Бид дөрвөн жилийн өмнө гайхалтай аяллыг хамтдаа эхлүүлсэн гэдгийг хэлмээр байна. Бид өнөөдөр ирээдүйн тухай, ирээдүйн нам, төлөвлөгөө, ирээдүйн улс орны тухай ярилцахаар энд цугларлаа. Бидэнд Бүгд Найрамдах гэсэн эв нэгдэлтэй, хүчирхэг нам бий. Хэрэв шинэ нам үүсгэн байгуулвал ялалт байгуулах саналаа хуваах болно” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт явуулсан судалгаагаар хэрэв Трамп Бүгд Найрамдах намаа орхиж, шинэ нам байгуулвал иргэдийн 46 хувь нь дэмжинэ гэсэн санал хураалтын дүнг харуулсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.