Мьянмарын цэргийн удирдагчид төрийн эргэлт хийснээс хойш эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр жагсаал өргөн хүрээг хамарч, цагдаа нар болон жагсагчид ширүүн мөргөлджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цагдаа нар жагсагчдыг тараахын тулд гал нээж, 18 хүн нас барж, 30 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал эхэлснээс хойш хамгийн олон хүн нас барсан өдөр тохиосныг эх сурвалжууд мэдээлэв.
Янгон, Давей, Мандалай хотуудад цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг, нулимс асгаруулагч ашигласан байна. Хоёрдугаар сарын нэгэнд Аун Сан Су Чи тэргүүтэй улстөрчдийг баривчлан саатуулснаас хойш иргэдийн жагсаал харьцангуй тайван замаар үргэлжилж байсан. Гэвч бямба гарагаас эхлэн жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн хурцадлаа.
Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар цэрэг цагдаагийн хүчнийхэн иргэдийн жагсаалыг бүрмөсөн таслан зогсоохын тулд тэднийг тараах ажиллагааг эрчимжүүлсэн байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэк Сулливан Ерөнхийлөгч Жо Байдены ажлын албаныхан Энэтхэг-Номхон далайн бүсийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, Мьянмарт үүссэн нөхцөл байдалд хариуцлага тооцохоо мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.