БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага үйлдэнэ гэж заналхийлсэн этгээд нь АНУ-д амьдардаг 12 настай "YouTube"-ын контент бүтээгч болох нь тогтоогдсон гэж албаныхан өнөөдөр мэдэгджээ.
Өмнөд Солонгост төрсөн ч одоо АНУ-д оршин суудаг уг өсвөр насны хүү нь ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр тохиох Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдрийн 11:00 цагт Инчоны нисэх онгоцны буудалд халдлага гарахыг анхааруулсан бичлэгийг "YouTube" платформд байршуулсан байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт байршуулсан энэхүү 10 секундийн бичлэгийг дараа нь "Аль-Кайда" алан хядлагын бүлэглэлийн удирдагч асан Осама Бин Ладеныг буруутгах ёсгүй гэсэн агуулгаар өөрчилсөн байжээ.
Нисэх онгоцны буудлын цагдаа нар энэ долоо хоногийн мягмар гарагт энэ талаар мэдээлэл авсныхаа дараа мөрдлөгийн ажиллагааг эхлүүлсэн аж. Албаныхан "YouTube"-ийн толгой компани болох "Google"-тэй хамтран ажиллаж, энэхүү бичлэгийг АНУ-аас байршуулсан болохыг тогтоон, сэжигтнийг хэн болохыг олж тогтоосон байна.
Мөрдөн байцаагчид хүүгийн "YouTube" сувгийг хаасан бөгөөд түүнийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэдийгээр террорист халдлага гарах магадлал бага байгаа ч урьдчилан сэргийлэх үүднээс нисэх онгоцны буудлын хамгаалалтыг хэсэг хугацаанд чангатгах болно гэж цагдаагийн газраас мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.