Монгол улсын Гадаад харилцааны яам /ГХЯ/-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар иргэдийг татан авах ажиллагаа, нислэгийн тийзний үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Ажлаа аваад 28 хонож байна. Бүтэн жил гаруй цар тахалтай тэмцэхэд засгийн газар дөрвөн үндсэн чиглэл гаргасан. ГХЯ дээрх зорилтуудыг эхний 100 хоногт хэрэгжүүлж ажиллана. Шинэ вэб сайтаар дамжуулан иргэдэд илүү нээлттэй, тодорхой мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.
Иргэдийг татан авалт дээр нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийг нэмэх зэрэг асуудлыг Засгийн газарт санал болгоод амжилттай эхэлж байна. Сард 8-14 удаа нисэж, 2000 гаруй иргэн авчрах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар 9400 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна. Тусгаарлах байраа сонгох боломжийг олгоно. Казахстанд байгаа иргэд, оюутнуудаа татан авах ажлыг ойрын өдрүүдэд хийх гэж байна.
Иргэдийг агаарын замаар авахаас гадна хөрш орнуудаас газраар авч байгаа. ОХУ-аас 43 иргэнээ Алтанбулаг боомтоор авсан. Татан авалттай холбоотой санхүүгийн дэмжлэг дээр гадаадад байгаа иргэдэд туслах сангаар 130 иргэний хүсэлтийг авч 175 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ сарын 25-ны өдөр ирсэн, 27-нд ирэх 46 иргэний тийзний зардлыг шийдвэрлэсэн. Иргэдэд туслах сангийн мэдээлэл шилэн болж, ГХЯ-ны вэб сайтад байршсан байгаа.
Өнгөрсөн хугацаанд 150.000 тун вакцин авсан. Хятад улсын 300.000 тун авсан. Маргааш Спутник-V вакцины эхний ээлжийг авна. Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдэх АстраЗенека вакциныг гуравдугаар сард хүлээж авна. Шадар сайдын ахалсан ажлын хүрээнд хоёр сая гаруй иргэнээ бүрэн вакцинжуулах ажилд ГХЯ анхааран ажиллаж байна.
МИАТ ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд:
-МИАТ ТӨХК-аас ГХЯ-ны зохион байгуулж байгаа ажилд туслаад явж байгаа. Тийзний асуудал дээр олон иргэд хүсэлт гаргадаг. УОК-оос МИАТ-т чиглэл өгсний дагуу тийзийн үнэ хямдарч байгаад баяртай байна. Энэ нь татан авалтын нислэгт хамааралтай. 530воны үнэтэй үндсэн тарифыг 15 хувиар хямдруулж байна. Токио чиглэлд 59145 иенээс 51500 болж хямдарч байна. Франкфуртын нислэг 99 еврогоор хямдарч байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.