БНАСАУ нь коронавирусийн халдвар илрээгүй цөөн газар нутгийн нэг бөгөөд дэлхийд тархсан цар тахлаас хамгаалахын тулд хилээ бүрэн хаасан. Хорио цээрийн хатуу дэглэмээс болж ОХУ-ын дипломатчид гэртээ харихдаа галт тэрэгний замаар тэргэнцэр түрж, алхаж иржээ.
Оросын дипломатчид болоод гэр бүлийнх нь гишүүдээс бүрдсэн найман хүн Умард Солонгос-Оросын хил хүртэл автобус болон галт тэргээр 32 цаг аялсан байна. Гэвч Умард Солонгосын талын хил хаалттай тул Оросын хил нэвтрэхдээ төмөр замаар тэргэнцэр түрж нэг км орчим алхсаар иржээ.
Коронавирусийн цар тахалгүй улс хэмээн өөрсдийгөө зарласан Умард Солонгос өнгөрсөн жилээс хойш жил орчмын хугацаанд галт тэрэг, чингэлгүүдийн орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон. Мөн олон улсын ихэнх зорчигч тээврийн нислэгүүдийг зогсоосон. Тиймээс Оросын дипломатчид гэртээ харихын тулд үүнээс өөр арга зам олдоогүй ажээ.
Гар тэргэнцрийг ОХУ-ын Умард Солонгос дахь элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Владислав Сорокин гурван настай охин Варьягаа тээшин дээрээ суулган голлон түрж, Түмэн голын гүүрийг гаталжээ.
Өнгөрсөн жил гадны дипломатчид Умард Солонгосоос гарч, барууны элчин сайдын яамд хаалгаа барьсан. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Герман, Орос, Франц, Монгол зэрэг улс орнуудын дипломатчидыг тээвэрлэсэн сүүлчийн нислэг Владивостокт иржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.