БНХАУ хөдөө, орон нутгийн туйлын ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд "Бүрэн ялалт байгуулсан" гэж тус улсын дарга Ши Жиньпин өнөөдөр Бээжин хотноо болсон ёслолын арга хэмжээний үеэр мэдэгджээ.
Ши Жиньпиний удирдлага дор 100 орчим сая хүнийг ядуурлаас ангижруулсан гэж төрийн мэдээллийн агентлагууд онцолсон бөгөөд энэхүү амжилт нь Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойд зориулсан төрсөн өдрийн бэлэг мэт явдал хэмээн тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ нь Коммунист намын удирдлага болон Хятадын улс төрийн системийн давуу талыг гэрчилсэн зүйл гэж Ши Жиньпин сайшаан ярьсан юм.
Тэрээр Бээжингийн Ардын Их Хурлын танхимд ядуурлын эсрэг тэмцлийн гол төлөөлөгчдөд одон гардуулахдаа "Хятадын Коммунист Намын удирдлага, Хятадын социалист систем нь эрсдэл, бэрхшээл, хүнд хэцүү зүйлээс урьдчилан сэргийлэх үндсэн баталгаа юм" хэмээн дурдсан байна. Хятад улс сүүлийн найман жилийн хугацаанд ядууралтай тэмцэхэд 1.6 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Гэвч зарим дэлхийн бодлогын шинжээчид БНХАУ-ыг ядуурлын тодорхойлолтоо харьцангуй доогуур түвшинд үнэлдэг гэж үзэж байгаа юм. Хятад улс хөдөө, орон нутгийн туйлын ядуурлыг нэг хүнд ногдох жилийн орлого нь 4,000 юань (620 ам.доллар) хүрэхгүй буюу ойролцоогоор өдрийн 1.69 ам.доллароор тодорхойлдог байна. Энэ нь Дэлхийн банкнаас тогтоосон өдрийн 1.90 ам.долларын дэлхийн босгоос доогуур үзүүлэлт юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.