Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 16777 хүний сорьцод шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд зарим нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээтэй холбоотойгоор өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 21 хүнээс, шинээр БЗД-ийн 16 дугаар хороонд нэг тохиолдол бүртгэгдсэн бол 23 нь ажиглан тусгаарлах байранд байсан иргэдийн шинжилгээнээс илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дурдлаа.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1960 болсон. Харин Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2801 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2097 болов. Энэ нь нийт тохиолдлуудын 74.8 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Шинээр үүссэн голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд халдвар бүртгэгдэж байгааг онцлов. Халдварын тоо буурахгүй, халдвар үргэлжлэх хандлагатай байгаа учраас иргэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөлөө.