Ливан улсын Парламентын зарим хууль тогтоогчид урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр вакцин хийлгэсэн гэх мэдээлэл ил болсны дараа Дэлхийн банкнаас тус улсын коронавирусийн эсрэг вакцины санхүүжилтийг зогсооно хэмээн анхааруулжээ.
Вакцинжуулалтын ажлыг удирдаж байгаа Ливаны дээд албан тушаалтан уг мэдээллийг огт ор үндэслэлгүй зүйл гэдгийг тэмдэглээд, үгүй бол огцорно хэмээн мэдэгдсэн байна. Хээл хахуульд автсан улстөрчдөдөө итгэхээ больсон Ливаны иргэд ихэд бухимдан, олон нийтийн сүлжээн дээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Дэлхийн банк нь Ливаны коронавирусийн эсрэг вакцинжуулалтын кампанит ажлын томоохон санхүүжүүлэгч бөгөөд хоёр сая хүнд хүрэлцэх вакцины зардал болох 34 сая ам.долларыг тус улсад олгохоор болсон юм. Тус улс одоогоор "Pfizer-BioNTech" вакцины 60,000 тунг хүлээж аваад байгаа бөгөөд вакцинжуулалт энэ сарын 14-ний өдрөөс эхэлсэн байна. Энэхүү тусламжийг зогсоосон тохиолдолд түүхэндээ хамгийн ноцтой эдийн засгийн хямралыг туулж байгаа Ливан улсад хүндээр тусах болно.
Тус улсын эмч нарын эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Шараф Абу Шараф "Вакцинжуулалтын төвд олон зөрчил гарсан. Огт бүртгэлд хамрагдаагүй болон вакцинжуулалтын эхний шатны бус иргэд вакцин хийлгэсэн" гэж мэдэгджээ. Эхний ээлжид эмнэлгийн ажилчид болон 75-аас дээш насны оршин суугчдыг дархлаажуулж байгаа хэдий ч Засгийн газрын 16 хууль тогтоогч дараалал дайран, вакцин хийлгэсэн гэх мэдээлэл байгаа юм.
Зургаан сая хүн амтай Ливан улсад өнөөдрийн байдлаар 356 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 4,387 хүн нас баржээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.