Биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь өдрөө эрэгтэйчүүдийн 4х7.5км, эмэгтэйчүүдийн 4х6км багийн буухиа төрлөөр үргэлжлэн явагдлаа.
Эрэгтэй, эмэгтэй багийн буухиа төрөлд аль алинд нь Норвегийн баг алтан медаль хүртсэн бол ОХУ-ын баг энэ удаагийн ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн нь хүрэл медаль байлаа.
Найман өдрийн дараах байдлаар Норвегийн баг, тамирчид зургаан алт, нэг мөнгө, гурван хүртэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байна. Одоогоор есөн улс 30 багц медалийг хүртээд байгаагаас Норвегийн баг, тамирчид 10 багц медалийг дангаараа хүртээд байна.
Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тамирчин болох Норвегийн Т.Экхофф өчигдөр багынхаа хамтаар алтан медаль хүртлээ. Тэрээр энэ удаагийн ДАШТ-ий долоон төрөлд оролцож дөрөв алт, нэг мөнгөн медаль буюу нийт таван медаль хүртээд байна.
ДАШТ өнөөдөр (хоёрдугаар сарын 21) албан ёсоор өндөрлөх ба эмэгтэй 12.5км, эрэгтэйчүүдийн 15км зайн бөөн гараа төрөл явагдана.