Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ нь үндсэн гурван үр дүнд хүрэх зорилготой. Хоёрдугаар сарын 23-аас хойш эдийн засгаа суллах, вакцины ажлыг эхлэхэд суурь бэлтгэл ажлыг ханган, мөн Улаанбаатар хотод идэвхтэй байсан 130 гаруй голомтыг хумихад чиглэсэн.
Арав дахь өдрөө үргэлжилж байгаа энэ ажлын явцад нийтдээ 54 тохиолдлыг илрүүлж, 13 голомтыг хяналтдаа аваад байна. Энэ дунд илрэхгүй, нуугдмал үлдэх магадлалтай байсан найман томоохон голомт багтаж байгааг мэргэжлийнхэн онцолж байгаа" гэв.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: "12 хоногийн хугацаанд бид "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг "PCR" шинжилгээгээр зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ бол бидний гурван үе шаттай авч хэрэгжүүлэх ажлын эхний хэсэг бөгөөд харьцангуй үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа.
Хоёрдугаарт, иргэдээ вакцинжуулах ажлын бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Гуравдугаарт, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил, амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотойгоор ААН-үүдийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, тэдгээртэй холбоотой дүрэм журмыг боловсруулж бэлэн болгосон.
Иргэд идэвхтэй, хариуцлагатай, дүрэм журмаа сахиж оролцсон тул бид эдгээр өдрүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хүндрэл багатай биелүүлж байна. Ирэх 23-ны өдөр бид "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний нэгдсэн дүгнэлт, үр дүнг олон нийтэд тайлагнах болно.
Өрх бүрээс шинжилгээ авах энэ ажил дууссан гэж ойлгож болохгүй. Цаашдаа үе шаттай хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулна. Голомтуудыг илрүүлж, тархалтыг нь хумих боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашдаа тандалт судалгааны ажил эрчимтэй явагдах болно.
Хоёрдугаар сарын 23-аас хойш ч гэсэн бид энэ арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа үргэлжлүүлэн, тодорхой бүсүүдэд давтан тандалт хийх болно. Эрсдэл гарсан тохиолдолд нийтээр нь хязгаарлаж, хөл хорио тогтоох биш тухайн бүс нутаг, аймаг, сум, дүүрэг, хороо, гудамж, хороолол, орон сууц дотор нь хязгаарлалтыг зохион байгуулна. Бусад хэсэгт үйл ажиллагаа аль болох хэвийн үргэлжилнэ" хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.