ОХУ-ын аж үйлдвэрийн бүсүүдэд тод цэнхэр болон ногоон өнгөтэй гудамжны ноход гэнэт гарч ирсэн бөгөөд мэргэжилтнүүд эдгээр нохдын нууцыг тайлахыг оролдож байна.
Анх Дзержинск хотын хаягдсан шилний үйлдвэрийн ойролцоо цэнхэр үстэй долоон нохой тэнүүчилж байсныг хотын оршин суугчид олжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сарын 11-ний өдөр энэ хачин явдлын талаар мэдээлсний дараа нохойнуудын зургууд цахим ертөнцөд ихээхэн анхаарал татсан байна.
Тус үйлдвэр нь органик шил болон синилийн хүчил үйлдвэрлэдэг байсан бөгөөд эдгээр ноход үйлдвэр дэх цэнхэр будгийн нунтагт өнхөрсөн байх гэж зарим хүмүүс таамаглаж байгаа юм. Удалгүй нохдыг Нижний Новгород дахь малын эмнэлэгт авчран, шинжилгээ хийжээ. Тэдний үснээс Пруссын цэнхэр будгийн ул мөр олдсон аж.
Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт Дзержинск хотоос хэдэн бээрийн зайд орших Подольск хотод тод ногоон өнгийн үстэй хэд хэдэн нохой харагдах болсон байна. Малын эмч нар Подольск хотын нохдыг мөн шалгасан хэдий ч тэдний ногоон өнгөтэй болсон шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.
Эдгээр ноход одоогоор эрүүл мэндийн асуудалгүй байгаа гэж албаныхны мэдээлсэн хэдий ч тэдний өнгө зэсийн сульфат зэрэг химийн хорт бодисоос болж өөрчлөгдсөн байж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.