СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цар тахлын үед япон эмэгтэйчүүд амиа егүүтгэх нь эрс нэмэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Цар тахлын хөл хорионы хугацаанд Япон улсад амиа хорлолтын хэмжээ дэлхийн хаа ч байхгүйгээр хурдацтай өсөн нэмэгджээ. Бусад улс орнуудаас ялгаатай нь сар бүрийн төгсгөлд Японы мэргэжилтнүүд амиа хорлолтын индексийг судалж танилцуулдаг. Тэгвэл Ковид-19 цар тахлын үед мэргэжилтнүүдийн сэтгэлийг хөндүүрлүүлэх тоо баримт гарчээ.

Өнгөрөгч 2020 онд тус улсад 11 жилийн дараа анх удаа амиа хорлолтын хэмжээ өсөн нэмэгдсэн байна. Хачирхалтай нь эрчүүдийн дунд амиа егүүтгэх үзэгдэл бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бол харин эмэгтэйчүүдийн дунд 15 хувиар өсчээ.

2020 оны аравдугаар сард л гэхэд өмнөх жилүүдийн тус сартай харьцуулахад эмэгтэйчүүдийн дунд амиа егүүтгэх үзэгдэл 70 гаруй хувиар нэмэгджээ.

Амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх Бонд Прожект хандивын аяны хүрээнд Ёкохамагийн 19 настай эмэгтэйтэй ярилцахад тэрээр урьд өмнө хэд хэдэн удаа амиа хорлохыг оролдсон байна. Тэр 15 настай байхдаа ахынхаа дарамт шахалтыг тэсэлгүй анх удаа амиа егүүтгэх оролдлого хийжээ. Эцэст нь тэр гэрээсээ явсан боловч шаналал, ганцаардал нь дууссангүй. Азаар Бонд Прожект аянд хамрагдаж аюулгүй газарт амьдрах болжээ.

Тус төслийг санаачлагч Жун Тачибана ганцаардаж, шаналсан хүмүүсээс “очих газаргүй тул үхэхийг хүсч байна” гэдэг үгийг маш олон удаа сонссон байна. .

Цар тахлын хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж, төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн тохиолдол ч гарчээ. Ажилгүй болсон, ажил нь завсардсан эрчүүдийн хүчирхийллээс охид эмэгтэйчүүд гэрээсээ гараад зугтаж чадалгүй өртөх явдал ихэссэн байна.

Өмнөх түүхүүдийг сөхвөл 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 1990-ээд оны үеийн хөрөнгийн биржийн хямралын он жилүүдэд дундаж насны эрчүүд санхүүгийн хүнд цохилтод орсноор Японд эрчүүдийн дунд амиа егүүтгэх үзэгдэл эрс өсөн нэмэгдэж байжээ.

Харин цар тахлын хямрал залууст, нэн ялангуяа залуу бүсгүйчүүдэд хүнд цохилт, дарамт болж байгаа ажээ. .

Япон улсад цар тахлын гурав дахь давлагаа үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газар хоёр дахь удаагаа онц байдал зарлаад байна. Зоогийн газрууд, зочид буудлууд, баар цэнгээний газрууд хаалттай байгаа нь олон хүн ажлын байраа алдахад хүргэжээ. Тус улсад 420,000 орчим хүн коронавирусийн халдвар авч, 7,000 гаруй иргэн нас баржээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.