СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-17

ЗАСГИЙН ГАЗАР: Энэ онд баяр наадам тэмдэглэхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна

Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа.  Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг  хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв

Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:

-Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх

-Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх

-Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах

-Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх

-Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх

-Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх

-Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх

-Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх

-Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх

-Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.

Товч мэдээ

-2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор  малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.

-2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.