Биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө эмэгтэйчүүдийн 15км зайн ганцаарчилсан гараагаар үргэлжлэн явагдлаа.
Энэ төрөлд нийт 98 тамирчин оролцохоор бүртгүүлснээс нэг тамирчин гараагаа эхлүүлээгүй бол таван тамирчин барианд орж чадалгүй тэмцээнээ дуусгаж, 93 тамирчин бариандаа орлоо. Үзэгчид энэ удаагийн ДАШТ-ий эхний гурван өдрийн дараах байдлаар гурван алтан медаль хүртээд буй Норвегийн Т.Экхоффийг медаль хүртэх, цаашлаад түрүүлэх тамирчдын тоонд нэрлээд байсан ч тийм зүйл болсонгүй. Тэрээр дөрөв алдан 20 дугаар байраар орж ирлээ.
Харин өнгөрсөн оны дэлхийн аваргын холимог гараа төрөлд хүрэл медаль хүртэж байсан Чехийн Маркета Давидова дэлхийн аварга боллоо. Тэрээр энэ жил 24 настай бөгөөд 2018 оны залуучуудын ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байлаа.
Харин мөнгөн медалийг ганцаарчилсан гараа төрлөөр Пёнчан 2018 өвлийн олимпийн алт, 2019 оны ДАШТ-ий алтан медальт Шведийн Ханна Обегт хүртлээ.
Хүрэл медалийг дэлхийн хошой аварга Норвегийн Ингрид Ландмарк Тандреволд хүртлээ.
Таван өдрийн дараах байдлаар Норвеги улсын баг, тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн хэвээр байна.
ДАШТ хуваарь ёсоор өнөөдөр (хоёрдугаар сарын 17) эрэгтэйчүүдийн 20км зайн ганцаарчилсан төрлөөр үргэлжлэн явагдана.